Оросын Аюулаас хамгаалах алба (АХА) Жохар болон Тамерлан Царнаев нарын ээжийн ярианы бичлэгийг Америкийн Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-нд өгсөн байна. Уг бичлэгийг 2011 оны эхээр хийжээ. Эхнийх нь ээж Зубейдат Царнаева нь том хүүтэйгээ хийсэн яриа байв. Тэд ариун дайн гэгчийн талаар дурсаж, Тамерланыг Палестиний автоно мид шилжин суурьших талаар ярилцсан байлаа. Гэтэл Тамерлан араб хэл мэддэггүй байж.
Хоёр дахь нь Жохар, Тамерлан хоёрын ээжтэй ХМТ одоо мөрдөн шалгаж буй Умард Кавказын нэгэн хүний хийсэн ярилцлага байв. Тэгэхдээ энэ эрэгтэй Бостонд болсон хэрэг явдалтай холбоогүй аж. Хэрэв эдгээр ярилцлагыг ХМТ урьд нь сонсчихсон байсан бол 2000-аад оны эхээр АНУ-д цагаачилж ирсэн Царнаевынхныг шалгахад хялбар дөхөм байх төдийгүй саяын алан хядах ажиллагааг таслан зогсоох боломжтой байсан ч байж мэднэ.
Тамерлан болон Зубейдат нар алан хядах үйл ажиллагаанд гар бие оролцсон байж магадгүй гэх мэдээг Оросын АХА Америкийн ХМТ-нд 2011 оны гуравдугаар сард дуулгаж байжээ. Тэр даруй ХМТ шалгаж эхэлсэн ч Оросоос илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирэхийг хүлээлгүй, тэдний үйл ажиллагаанаас хууль бус гэмээр юм олж чадалгүй 2011 оны зургадугаар сард мөрдөн шалгах ажлаа зогсоож орхисон аж. Мөн оны намар Оросын талаас түрүүчийн мэдээллээ Америкийн талд давтсан ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ Америкийн ТТГ Тамерлан хийгээд түүний ээжийг болзошгүй алан хядагчдын тоонд оруулжээ.
Одоо Зубейдат Царнаева өөрөө болон хөвгүүдээ алан хядах ажиллагаанд холбоотой байж болохыг эрс үгүйсгэж, харин Жохар, Тамерлан хоёрыг хэн нэгэн ашигласан байх гэж ярьж байгаа аж. Тамерлан нь харин ч ээжийнхээ нөлөөгөөр сүсэг бишрэлтэй нэгэн болж өсөж торнисон бөгөөд бокс, сургуулиа орхисон гэж эднийхний зарим ахмад хүн үздэг юм байна. Тамерлан Царнаевын үзэл бодол төлөвших өд христос шашинтай байснаа лал болсон армян үндэстэн Миша гэгч ихээхэн нөлөөлсөн аж. Зубейдатын яриагаар бол чухам энэ хүн лалын шашныг Кэмбрижид тэдний гэрт авчирч, “нүдийг нь нээж өгсөн” аж.
Дашрамд хэлэхэд, Зубейдат Царнаева гэгч энэ эмэгтэй дэлгүүрээс хувцас хулгайлсны учир эрүүгийн хэрэгт татагдаж байжээ. Одоо тэрбээр Дагестанд аж төрж буй.