“Хизб-ут-Тахрар” гэдэг хэт даврагчдын байгууллагын гишүүд суусан 25 автомашин бүхий цуваа Кизляр хот руу орох гэсэн оролдлогыг Дагестаны ДЯЯ-ны ажилтнууд таслан зогсоожээ. Энэ байгууллагыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон аж.
Хэт даврагчдын цуваа Кизлярт тусгай ажиллагаа явуулах зорилготой байсан байна. Тэднээс 12 гишүүнийг нь баривчилж цагдаагийн байгууллагад хүргэжээ. Бас “Хизбу-Тахрур” гэдэг дээрхтэй төстэй байгууллагын 25 гишүүнийг баривчилсан тухай мэдээ байна. Түүнчлэн хурим хийж яваа хүмүүсийн цувааг мөн Кизляр орох гэж явахад нь цагдаа нар саатуулжээ. Тэдний машинд лалынхны тугийг бэхэлсэн байсан нь цагдаа нарын санаанд нийцээгүй тул түүнийг хурааж авахыг шаардсан байна.
Хуримын зочдын дотор олон нийтийн “Шударга хүмүүсийн холбоо” хэмээх байгууллагын төлөөлөгч Магомед Карташов байсан аж. Тавьж байгаа шаардлагаа тайлбар лахыг тэрбээр хүссэнд цагдаа нар хариуд нь түүнийг зодож орхисон гэнэ. Түүгээр ч барахгүй цагдаа нар агаарт хий буудаж хуримын зочдоос 10-ыг нь авч явсны дотор хуримаа хийж байсан залуу ч орсон байна. Прокурорт гомдол гаргахаар хуримын зочдын зарим нь Кизлярт очсон ч прокурорын байр эзгүй байжээ. Хуримын зочдыг чухам юуны учир баривчилснаа тайлбарлаагүй аж.
Харин Карташовыг “эмх замбараагүй байдлыг зохион байгуулж, цагдаагийн ажилтнуудын эсрэг ажиллагааг өдөөсөн” гэж ДЯЯ-ны сайтад бичсэн байлаа. “Хизб-ут-Тахрар аль-Ислами” буюу “Исламын чөлөөлөх нам” 1953 онд Дорнод Иерусалимд байгуулагджээ. Тус байгууллагыг ОХУ-ын Дээд шүүх алан хядагч гэж үзэж, Оросын нутагт үйл ажиллагаа явуулахыг нь 2003 оны хоёрдугаар сард хориглосон байна.
Р.ЖАРГАЛАНТ