Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсад үүссэн, олныг хамарсан эмх замбараагүй байдалд буруутган АНУ-ын иргэнийг Венесуэлд баривчилжээ. Энэ нь Калифорнид аж төрдөг, 35 настай Тимоти Трейси гэгч байв. Өөрийнх нь шийдвэрээр түүнийг баривчилсныг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро пүрэв гаригт мэдэгдсэн байна. Трейсийг Америкийн тагнуулын байгууллагын талд ажилладаг гэж Венесуэлийн ДЯЯ-ны сайд мэдээлсэн аж. Түүний үгээр бол, сонгуулийн дараа хийсэн жагсаал цуглаан болон эмх замбараагүй байдал бий болгоход оролцсон учир сөрөг хүчнийг дэмждэг залуучуудын бүлгүүдэд энэ залуу мөнгө өгсөн байна. Трейсийг Каракас хотоос нисэх гэж байхад нь лхагва гаригийн орой саатуулжээ. Трейси нь найруулагч бөгөөд 2012 оноос Венесуэлд байж социалист Засгийн газар болон сөрөг хүчний хоорондын зөрчлийн талаар баримтат киноны зураг авч байсан гэж түүний ах дүү нар, найз нөхөд нь сэтгүүлчдэд ярьсан аж. Трейсийг Венесуэлд байхад наад зах нь хоёр удаа баривчилсан гэнэ. Сонгуулиас өмнө Пуэрто-Кабелло гэдэг усан буудлын хотод Засгийн газрыг дэмжсэн цуглаан болж байхад зураг авч байгаад хоёр дахь удаагаа баривчлагдсан байна. Уго Чавесыг нас барсны дараа Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг энэ сарын 14-нд явуулж, эрх баригч намаас нэр дэвшсэн Николас Мадуро цөөн хувиар өрсөлдөгчөө ялсан юм. Сөрөг хүчнээс нэр дэвшсэн Энрике Каприлес эрх баригчдыг луйвар хийсэн хэмээн буруутгаж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс үүдэн Венесуэлд эсэргүүцлийн жагсаал болж, тэр нь эмх замбараагүй бай далд хүрсэн төдийгүй цагдаа нартай мөргөлдөөн ч үүсгэсэн. Нийтдээ есөн хүний амь үрэгдээд буй.