Зургаан хүний аминд хүрсэн хэмээн буруутгагдаж буй Сергей Помазуны хэрэглэсэн зэвсгийг олсон гэнэ. Дотроо таван галт зэвсэгтэй цүнхийг намгаас олсон байна. Гэмт хэрэгтэн тэнд нуугдаж байсан бөгөөд түүний өөр эд зүйл ч бас олдсон аж. Баривчлагдах үедээ тэрбээр хутганаас өөр зэвсэггүй байжээ.
Помазун энэ сарын 22-нд эцгийнхээ карбин, винтов болон гар буунуудыг хулгайлж “БМВ” машиныг нь хөлөглөн “Охота” дэлгүүрт ирсэн аж. Тэнд гурван худалдагчийг нь, мөн дэлгүүрийн хажуугаар явж байсан гурван хүнийг буудан хороосон юм. Тэрбээр дэлгүүрээс зэвсэг хулгайлаад машинаараа зугтаж, 23-ны орой болтол төмөр замын ойролцоох намагт нуугджээ. 31 настай Помазун анчны гэр бүлд төрсөн бөгөөд армид алба хааснаасаа хойш 2003 оноос шүүхийн хаалга татаад байх болжээ. Тэрбээр машин хулгайлж гаршсан нэгэн бололтой. Төрийн албан хаагчид хүч хэрэглэсний учир 2005 онд таван жилийн ял, 2008 онд машин хулгайлаад нэмж ял авчээ. 2012 онд шоронгоос гараад хэрэг төвөгт орооцолдохгүй байхаар шийдсэн хэмээн хэлж, урьдын нөхөдтэйгээ уулзахаас татгалзах болсон байна. Гэтэл суллагдсаныхаа дараа тэрбээр их догшин хэрцгий зан авиртай болсон гэж эцэг эх нь хэлдэг гэнэ. “Охота” дэлгүүрийн худалдагчид түүнд сум зарахаас татгалзсан учир буудаж орхижээ. Хэсэг хүмүүс түүний дургүйг хүргэсэн учир Помазунд сум хэрэгтэй болсон аж.