Багдад хотоос умар зүгт 160 км-т байх Сулейман-Бек хотыг Засгийн газрын цэргээс лалын дайчид булааж авав. Түүний төлөөх тулалдаанд дор хаяж 15 хүний амь үрэгдсэний тав нь Иракийн армийн байлдагч, 10 нь лалын дайчид байжээ. Тулалдаан энэ сарын 24-ний шөнө эхэлсэн аж. Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилснээр бол лалын дайчдыг хөөх гэж Иракийн арми дөрвөн нисдэг тэргээр хотын төвийг бөмбөгдсөн байна.
Энэ хотын төлөөх байлдаан нь дөрөвдүгээр сарын 23-24-нд дэгдсэн хүчирхийллийн давалгааны нэг хэсэг нь гэж мэдээллийн агентлагууд үзэж байна. Энэ хугацаанд тус улсад 128 хүний амь үрэгдэж, 269 хүн шархаджээ. Суннитүүд голчлон амьдардаг нутагт болсон жагсаал үе үе мөргөлдөөн болж хувирах үйл явц 2012 оны арван хоёрдугаар сараас хойш үргэлжилж байгаа юм.
Суннитүүд Ерөнхий сайд Нури альМаликийг огцорхыг шаардаж байна. Тэрбээр шийт үндэстэн юм. Шийтүүд олонх нь болж буй Иракийн одоогийн эрх баригчид цөөнх суннитүүдийг хавчиж хяхаж байна гэж жагсагчид ярьж байна.