Кембрижийн гүнж Кейт Миддлтоныг нүцгэн шахам байхад зургыг нь авсан фото зурагчин болон уг зургыг нийтэлсэн Closer сэтгүүлийн эзэн хоёрыг Францын шүүх буруутгав. Одоо болтол хэн болох нь тогтоогдоогүй, La Proremce сэтгүүлд ажилладаг болох нь л мэдэгдээд байгаа зурагчныг “Бусдын хувийн амьдралд хууль бусаар нэвтэрсэн ” хэмээн үзэж буй аж. Сэтгүүлийн эзнийг ч бас ялгаагүй.
Хан хүү Уильям, түүний гэргий Кейт Миддлтон нарын гаргасан иргэний нэхэмжлэлийг 2012 оны ёсдүгээр сард шүүх хүлээж аваад дээрх сэтгүүлийн редакцийг хатан хааны гэр бүлд 5000 евро төлж, Кейт Миддлтоны зургийн цахим хуулбарыг шүүхэд өгөх шийдвэр гаргасан аж. Хан хүү Уильям гэргийтэйгээ Францын өмнөд нутагт байдаг нэгэн зочид буудлын тавцан дээр наранд шарж буйг нь харуулсан зураг Closer сэтгүүлд 2012 оны ёсдүгээр сарын эхээр гарсан байна. Энэ нь дэлхий дахин шуугиан тарьж, хатан хааны гэр бүл ч сэтгүүлчдэд дургүй нь хүрэлгүй яах вэ.
Уг зураг зөвхөн энэ сэтгүүлд хэвлэгдээд зогссонгүй Ирланд, Итали, Шведэд цахим хэлбэрээр хүмүүсийн нүдэнд өртсөн байна. үүнээс болж ажлаасаа халагдсан хүн ч байдаг аж.