БНХАУ-ын дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Си Зиньпин Хятадын армийн өндөр албан тушаалын дэд хурандаагаас дээш цолтой хүмүүсийг хэсэг хугацаанд жигсаалын цэрэг болгох шийдвэр гаргав. Тэд 15 хоногоос доошгүй хугацаанд “цэрэг” байх аж. Энэ хугацаанд тэднийг цэргүүдтэй хамт байлгах гэнэ. Тэгэхдээ зардлаа өөрсдөө хариуцах юм байна. Түүнчлэн өөрийн алба хааж буй ангийн ажилд хөндлөнгөөс оролцох ёсгүй Ямар албан тушаалтайгаасаа хамаарч цэргийн дарга нар 3-5 жилд нэг удаа ийм алба хаах юм байна. Армид ”салхи оруулах” цэргийн албан хаагчдын дайчин үзэл санааг дээшлүүлэх зорилгоор Си Зиньпин ийм шийдвар гаргажээ.
Хятадын цэргийн шинжээчдийн үзэж буйгаар бол арми дахь авилга, дэг журамгүй байдал, дээд доод цолтны хоорондын ялгаа ихэсч буй зэрэг асуудлыг Хятадын удирдлага нэг тийш болгохоор шийдсэн бололтой. Хятадын цэргийн дарга нар холбоо сүлбээгээ ашиглан дээд цолыг төвөггүй авах болсны зэрэгцээ доод хүмүүсийнхээ ажил амьдралаас хөндийрч холдож буй аж. Иймэрхүү шийдвэрийг Мао Цэдун 1958 онд гаргаж байжээ. Уг шийдвэрээр цэргийн дарга нар жил бүр нэг сарын хугацаагаар явган цэргийн алба хаадаг байв. Ийм аргаар Мао арми дахь өөрийн хяналтыг бэхжүүлж, нөлөө бүхий олон даргыг огцороход хүргэж байжээ.
Си Зиньпин энэ оны гуравдугаар сард БНХАУын дарга болсон юм. Шинэ албанд очоод анх хэлсэн үгэндээ тэрбээр Хятадын арми улс орныхоо тусгаар тогтнол, эрх ашигийг хамгаалахын тулд байлдах чадвараа дээшлүүлэх нь чухал гэж үзэж буйгаа онцолж байсан.