Франц улс ижил хүйстнүүд хоорондоо гэрлэхийг зөвшөөрч, шинэ хууль баталсан тухай “Reuters” мэдээлжээ. Санал хураалтад Францын Парламентын 321 гишүүн оролцсоноос 225 нь уг хуулийн төслийг дэмжсэн аж. Уг шийдвэрийг гаргасны дараа Францад сүүлийн жилүүдэд болж байгаагүй өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Парис хотын төв хэсэгт Үндэсний Ассамблейн барилгын гадаа Францын инээдмийн жүжигчин Фрижид Баржо тэргүүтэй олон зуун хүн цугларсан байна.
Ямар нэгэн хүч түрэмгийлсэн үйлдэл гарахаас сэргийлж усан буугаар зэвсэглэсэн мянга мянган цагдааг Парламентын ордны ойролцоо аваачжээ. Түүнчлэн уг хуулийг баталсанд талархан дэмжсэн хүмүүс ч цугларч, оргилуун дарс задалж, баяраа тэмдэглэсэн гэнэ. Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд Францын иргэдийн тэн хагасаас илүүгүй хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэг аж.
Социалист Ерөнхийлөгч Франсуа Олланд нийгмийг шинэчлэх ажлын түүчээ болгон уг хуулийг баталж буйг ажиглагчид онцолжээ. Зарим нь түүнийг Франц улс 1981 онд цаазаар авах ялаас татгалзсанаас хойших хамгийн чухал нийгмийн шинэчлэл гэж үзэж буй аж.
Б.ЦЭЦЭГ