Оросын Белгород хотод зургаан хүний амь хороосон этгээдийн байгаа газрыг тогтоож, баривчлахад тус болохуйц мэдээлэл өгсөн хүнд томоохон шагнал олгохоор зарлав. Мэдээлэл өгсөн хүний нууцлалыг хадгалахаа цагдаагийн байгууллага амласан байна. Гэмт этгээдийг эрж хайх ажилд цагдаагийн 1.2 мянган ажилтан болон Белгород мужийн дотоодыг хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн бүхэлдээ оролцож байгаа аж.
Хилийн болон гаалийн албаныхныг ч энэ ажилд татан оролцуулжээ. Энэ сарын 22-ны өдөр Белгород хотын төвд байх “Охота” дэлгүүрийг 1981 онд төрсөн Сергей Помазун гэгч шүүхээс нэг бус удаа ял авч байсан этгээд дээрэмдэхийг оролдох үедээ зургаан хүн алсан аж. Гэмт этгээд BMW X5 маркийн машинд суун хэргийн газраас зугтсан ч машиныг хаяад алга болсон байна. Белгородын эрх баригчид энэ сарын 23, 24-нийг амиа алдсан зургаан хүний дурсгалыг хүндэтгэх гашуудлын өдөр болгохоор зарлажээ.
Эндхийн бүх сүм, хийдэд ном уншиж, мөргөл үйлдэх юм байна. Уг гэмт хэрэгтэн дэлгүүр дотор гурван худалдагчийг буудчихаад гадуур нь явж байсан хүмүүс рүү гал нээсэн аж. Амиа алдсан зургаан хүний дөрөв нь нас биед хүрсэн эрэгтэй, хоёр нь насанд хүрээгүй охид байжээ.