Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаар Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороонд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ. Л.Эрхэмбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны санал хураалтын дүнг нэгтгэсэн 48 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах зэрэг хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан юм. Дээрх тогтоолд зааснаар УИХын 26 дугаар тойргийн сонгуулийн дүнгээр Л.Эрхэмбаяр сонгогчдын 26.9 хувийн санал авсан гэж үзсэн аж.
Харин нэхэмжлэгч Л.Эрхэмбаяр энэ тогтоолын саналын хувийг тооцож бодох аргачлал нь буруу, сонгогчдын 28-аас дээш хувийн саналыг би авсан тул УИХ-ын гишүүнээр тооцох болзол хангасан гэж үзэж маргасан билээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаас Л.Эрхэмбаяр нь сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэж, УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахгүй орхисон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Ингэснээр УИХ-ын 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах нь тодорхой боллоо.
Г.РАВЖАА