Ижилхэн дугаар бүхий автомашинууд хотын гудамжаар олонтаа харагдах болсон талаар иргэд сүүлийн үед гомдол гаргаж, гар утсаараа баримтжуулан дарсан зургийг цахим хуудсанд тавих болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газраас тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг шалгаж эхэлсэн билээ.
Давхардуулан олгосон 14 дугаарыг цагдаагийн ажилтнууд иргэдээс ирсэн мэдээллийн дагуу илрүүлээд байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр хотын дарга Э.Бат-Үүлд танилцуулав.
Үүнд 01-01 УНА, 55-58 УБЗ, 77-79 УБТ, 13-13 УБЗ, 08-08 УНИ, 04-04 УНҮ, 11-12 УБТ, 22-88 УБВ, 58-88 УНҮ, 88-88 УБХ, 00-01 УБС, 22-22 УБЧ, 22-99 УБВ, 75-44 УНЭ гэсэн дугаар багтаж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн байна.
Олон сая төгрөг зарцуулан хийсэн авто замын хязгаарлагч шонг дайрч эвдэн, дүрэм зөрчиж буй жолооч нарт торгууль ногдуулахыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ үеэр үүрэг болголоо.