ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох бүлгийн дарга Н.Очирбат өчигдөр гэр бүлийнхнийхээ хамт хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сарын 7-нд ангийн захирагч А.Батмөнхийн өгсөн үүргийн дагуу Бөхийн өргөөний баруун урд байрлах “Хурилдуур” ХХК-ийн харьяа “Эрин” эмнэлгийн дөрвөн давхар барилга дээр ажиллаж байгаад хүнд бэртсэн билээ. Тухайн үед онцгой байдлын 11 ахлагчийн хамт тус эмнэлгийн барилга дээр ажиллаж байхад нь хажуу талд нь орон сууцны зориулалтаар баригдаж буй “Баганат Өргөө” компанийн барилгын 12 давхраас тулгуур төмөр унахдаа Н.Очирбатын дух, нүүрний хэсгийг оносноос тархи болон нүүрэндээ хүнд гэмтэл аван ГССҮТ-д хүргэгдсэн байна. Эмч нарын ачаар түүний бие дээрдсэн ч эд, эс сэргээх эмчилгээг гадаадад хийлгэх шаардлагатай хэмээн эмч нарын зөвлөсний дагуу өнгөрс өн аравдугаар сард Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлжээ.
Түүнчлэн хараагүй болсон зүүн нүдээ эмчлүүлэхээр төрийн эмчилгээгээрээ дээгүүрт бичигдэх Энэтхэг улсын гурван эмнэлэгт үзүүлсэн байна. Харамсалтай нь, Н.Очирбатын зүүн нүд нь цаг хугацаа алдсанаас болж хараа орох боломжгүй гэсэн хариу өгчээ. Түүнийг хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Одоогийн байдлаар “Баганат өргөө” барилгын компани, “Эрин” эмнэлгийн холбогдох ажилтныг Баянзүрхийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Гарсан хэргийн талаар Н.Очирбатаас тодрууллаа.
-Танд “Баганат өргөө” компани, “Эрин” эмнэлгийн зүгээс тусламж үзүүлсэн үү?
-Энэ хоёр байгууллагыг тусламж үзүүлээгүй гэж хэлэхгүй. Хагалгааны зардлыг гаргасан. Гэхдээ Энэтхэгт очиж эмчлүүлэх тухайгаа хэлтэл “Баганат өргөө” компанийн захирал н.Батсайхан, “Эрин” эмнэлгийн захирал н.Алтангэрэл нар “Чиний зүүн нүд сохорчихоод байхад гадагшаа явах ямар шаардлагатай юм бэ. Бидэнд чамд туслах мөнгө, төгрөгийн боломж байхгүй. Чи ч гэсэн мөнгөгүй байж тийшээ явах шаардлага байгаа юм уу” гэж хэлсэн. Би хэнээс ч гуйхгүй амьдралаа авч явсан жирийн нэгэн залуу, хүн шиг хөдөлмөрлөж байсан. Гэтэл өнөөдөр ийм байдалтай болчихлоо.
-Хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Мөрдөн байцаалт дутуу гэх үндэслэлээр прокуророос гурван удаа буцаасан гэсэн. Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. 14 хоногийн дараа прокурорт шилжинэ. Ер нь дээрх хоёр компани хууль хяналтын байгууллага хүмүүсийг нэг их тоохгүй байгаа. Учир нь барилгын компанийнханд санаандг үй үйлдсэн энэ хэрэг шиг нөхцөл байдалд улсаас долоон сая төгрөгийн торгууль эсвэл 3-6 сар баривчлах шийтгэл ногдуулдаг юм байна. Гадаадад эмчлүүлэхэд 20 гаруй сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг хамаатан садангийнхаа хүмүүс банкнаас хүүтэй зээлж авсан. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг хэн төлөх вэ?. Эмчилгээний зардлаа гаргуулах гэж дээрх компанийнханд хандсан ч хуулийн байгууллагаараа шийдүүлье гэсэн.