Цагаан сарынхаа бэлтгэлийг базаах, шинэ машин авахаар Улаанбаатарт ирсэн Дорнод аймгийн харьяат, 55 настай М.Баярцогт энэ сарын 16-ны 21.00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг, Улаанчулуутын хогийн цэгээс нэгдүгээр сарын 17-ны 07.00 цагийн үед түүний “Мitsubishi dingo” маркийн 38-98 ДОР улсын дугаартай автомашин нь шатсан байсныг цагдаагийнхан олсон юм.
Уг хэргийн талаар цагдаа, прокурорын байгууллагын эх сурвалжаас лавлахад “Улаанчулуутын хогийн цэгээс шатсан машин олдсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн газрын үзлэг хийхэд шатсан машинд хүн байгаагүй. Гэхдээ машиныг гаднаас нь галдан шатаасан нь тогтоогдсон. Лавшруулан үзлэг хийхэд арын суудлаас цус болсон тоосго олдоод байна. Автомашины эзэн хаана байгаа нь тодорхойгүй учраас цус хэнийх вэ гэдгийг одоогоор тогтоох боломжгүй байгаа.
Өнөөдрийг болтол ямар нэг сэжүүр гараагүй байна” гэлээ. Өөр нэг эх сурвалж “Энэ хэргийн талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Сэжигтнээр хоёр хүнийг өчигдөр цагдан хорьсон. Тэд гэмт хэрэгт холбоотой эсэх нь тодорхой болно” гэлээ.
Г.РАВЖАА