Энхтайван, найрамдлын төлөө Монголын холбооны гишүүн байгууллагууд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу, Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны ерөнхийлөгч Д.Цахилгаан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт, Удирдах зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан байхад хууль бусаар Энхтайван найрамдлын ордон болон ордны өмнөх газрыг худалдсаныг тогтоох шүүх хурал болжээ.
Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн тус нэхэмжлэлийг шалгаж, Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан болохыг тогтоосон байна. Иймд Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны 10 гаруй гишүүн нийгэмлэг ордныг худалдан авсан “Бишрэлт” группийн охин компани болох “Юнико”- г байрыг нь суллах эсвэл ордны өмнөх талбай дахь “Сандэй” группийн худалдаа, үйлчилгээний зориулалттай “Peace tower” нэртэй 17 давхар цогцолборын 1-4 давхрыг нь эзэмшүүлэхийг мэдээлэв. Харин энэ барилгаас ердөө нэгдүгээр давхрыг Энхтайван, найрамдлын холбооны мэдэлд өгөхөөр тохирсон аж.