Автомашин олшрохын хэрээр эд анги, дугуй, хөгжим, өвлийн хучлага зэргийг хулгайлж борлуулдаг хэрэг сүүлийн жилүүдэд их гарч байгаа. Гэтэл автомашин хулгайлж, эд ангийг нь өөр машинд тавьж сэлбэн зардаг бүлгийг саяхан илрүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн дөрвөн залууг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж эхэллээ. Энэ талаар тус хэлтсийн Хэв журмын ажилтан, ахлах дэслэгч Ш.Энхтайван “Манай хэлтсийнхэн өөрийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн автомашины хулгайн хэргийг илрүүлэхээр ажиллаж байхдаа бусад дүүрэгт энэ төрлийн хэрэг үйлдсэн дөрв өн залууг олж тогтоон, шалгаж байна. Сэжигтнүүд 20-25 насны оюутнууд. Тэдэнтэй хамт засварын зарим газрын ажилтнуудыг шалгаж байгаа” гэлээ.
Тэдгээр залуус дотнын найзууд бөгөөд харанхуй гудамж, орцны үүдэнд орхисон “Ланд круйзер”, “Гранд Марк-II” загварын автомашиныг хулгайлж, нэлээд хугацааны турш хөдөлгөөнд оролцуулалгүй “нам дардаг” байж. Улмаар вьетнам засварын газрынхантай хамтарч, зарим эд анги, дугаарыг нь солиод шинээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авч борлуулдаг байжээ. Тэд энэ хэргийг 2012 оны дөрөвдүгээр сараас хийж эхэлсэн гэж мэдүүлжээ. Сэжигтнүүд 2012 оны арванхоёрдугаар сар хүртэл “Ланд круйзер” маркийн дөрөв, “Гранд Марк-II” загварын хоёр автомашин хулгайлсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Хэргийг үйлдсэн залуусыг зохион байгуулалттайгаар бүлэглэн, удаа дараа иргэдийн эд хөрөнгө хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож, уржигдраас Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Харин вьетнам засварын газрынхныг батлан даалтад байцааж буй гэнэ.
Г.РАВЖАА