Шүүхээр гэм буруутайг нь тогтоож, хорих 441 дүгээр ангид ял эдлэх болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулахаар суулт, өлсгөлөн зарлаж буй хүмүүсийн төлөөлөл өчигдөр 16.30 цагийн үед ШШГЕГ-ын байранд очиж, тэмцлээ үргэлжлүүлсэн юм. Тэд Н.Энхбаярыг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хэмээж буй. МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар тэдэнтэй нэгдэж, ШШГЕГ-ын удирдлагатай уулзсан байна.
Уулзалтын үеэр гишүүд Эрүүл мэндийн сайд Н.Удвалын гаргасан шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, хүний амь нас, эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавих ёстой хэмээсэн аж. ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа П.Хосбаяр ялтны хоригдох нөхцөл байдал хуульд заасны дагуу байх ёстой талаар гишүүдэд хэлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хүний амь нас, эрүүл мэндийн асуудал ярьж байхад хурандаа П.Хосбаяр цонхны хаалт сараалж төмөр яриад байх юм” хэмээн бухимдангуй хэлэв.
Харин ШШГЕГ-ын нэгэн эх сурвалж “Уулзалт нэг шийдэлд хүрэх шиг боллоо. Өнөөдөр Н.Энхбаярыг Сайд нарын гэгдэх Улсын клиникийн II эмнэлэг рүү шилжүүлэхээр болж байх шиг байна” гэлээ. Харин өөр эх сурвалж “Н.Энхбаярыг хорих ангид нь байлга гэсэн зааврыг нэлээд дээрээс өгч байгаа сурагтай” хэмээв.
Г.ЦОЛМОН