Лэнс Армстронгийг тойрсон допингтой холбоотой шуугианд Дугуйчдын олон улсын холбооны удирдлага холбоотой нь нотлогдвол Олимпийн наадмаас энэ спорт хасагдаж магадгүй аж. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн тэргүүн байсан, ОУОХны гишүүн Вик Паунд энэ сарын 15-нд ийм мэдэгдэл хийв. Дээрх явдлыг Дугуйчдын олон улсын холбоо мэдсээр байж арга хэмжээ аваагүй бол уг хэл аманд зайлбаргүй өртсөн хүмүүсийг Олимпийн наадамд оруулахгүй байх ганцхан гарц ОУОХ-нд үлдэнэ гэж Паунд хэлжээ.
Америкийн нэрт дугуйчин Лэнс Армстронгийг 2012 оны намар хориотой эм хэрэглэсэн гэж АНУ-ын Допингийн эсрэг агентлаг буруутгасан юм. 1998 оноос хойш авсан бүхий л алдар цолоо, түүний дотор “Тур де Франс”-ын долоон удаагийн аваргын титмээ Армстронг алдсан билээ. Тэрбээр өөрийнх нь эсрэг зэмлэлийг эхлээд няцааж байснаа допинг хэрэглэснээ энэ сарын 15-нд телевизийн хөтлөгч Опра Уинфритэй ярилцах үеэрээ хүлээсэн аж. Гэтэл хориотой эм хэрэглэснээ Армстронг телевизээр зарлаад зогсохгүй, нотлох ёстой гэж Допингийн эсрэг олон улсын агентлаг хатуурхаж байна.