УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт холбогдох, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцсэн гэх хэргийг Хан-Уул дүүргийн шүүх өчигдөр хэлэлцлээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас саатуулан баривчлах үед тэрбээр тус газрын ажилтнуудыг хэл амаар доромжилж, салаавч гаргасан төдийгүй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг хэд хэдэн удаа цохисон юм. Энэ хэрэгт НПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст шалгуулж, сүүлд нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн.
Шүүх хурлын үеэр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Алдархишиг “Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахыг завдаж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж явахад нь биед нь халдсан тул шүүгдэгч Ц.Шинэбаярыг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих саналтай байна” гэв.
Хурлыг даргалагч, тус дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан “Шүүгдэгч Ц.Шинэбаярын гэм буруутай нь хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдож байна. Тиймээс нэг жилийн хугацаагаар хорих ял оноож, эрүүл мэндийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан хорих ялыг тэнсэн харгалзахаар шийдвэрлэлээ” гэв.
Г.ЦОЛМОН