Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд хүмүүсийн анхаарал, болгоомжгүй байдлыг далимдуулан эд зүйлийг нь хулгайлах гэмт хэрэг их гарч байгааг цагдаагийн байгууллагаас ард иргэддээ анхааруулж, хулгайн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргаад байна.
Автомашинтай эмэгтэйчүүдийн анхаарлыг сарниулж эд зүйлийг нь хулгайлсан 23 настай М гэдэг залууг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн саатуулжээ. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт Төв шуудангийн урд уулзварт гэрэл дохио солигдохыг хүлээж байсан “Nissan Murano” маркийн автомашины жолооч эмэгтэйн анхаарлыг сарниулж хаалгыг нь онгойлгон 200 мянган төгрөг, бичиг баримт бүхий LV брэндийн цүнхийг нь хулгайлжээ.
Энэ хэргээсээ хойш удалгүй “Өгөөж” компанийн урд уулзварт зогсож байсан “Pajero” маркийн автомашинаас “Samsung” маркийн зургийн аппарат, “iPHONE-4” гар утас, бичиг баримттай гар цүнхийг нь хулгайлжээ. Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандсанаар гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна.