Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийн … дугаар заставын малчин цэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө учир битүүлгээр нас баржээ. Талийгаачийг Г.Мөнхнасан гэдэг бөгөөд Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас цэргийн албанд татагдан ирсэн аж. Түүний бие өвдөж байгаа талаар хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б.Төмөрхуяг өнгөрсөн бямба гаригт заставын даргадаа радио холбоогоор мэдэгдсэн гэнэ. Үүний дагуу заставаас нь эмч нарын баг үзэхээр очиход байлдагч Г.Мөнхнасан орондоо нас барсан байжээ.
Цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарсан тул заставынхан хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд талийгаачийн амиа алдсан шалтгаан гаднын нөлөөтэй эсэх, юунаас болсныг тодруулахаар Баянхонгор аймгийн цагдаа, прокуророос Ажлын хэсэг томилогдон шалгаж байна. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжтай холбогдоход “Ажлын хэсэг ирээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тэнд холбоо харилцаа муутай юм билээ” гэв.
Г.РАВЖАА