Улаанбаатар хотын гаалийн газрын улсын байцаагч нар “Материал импекс” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд буусан чингэлгээс өнгөрсөн лхагва гаригт 9350 ширхэг ангийн зориулалтай сум илрүүлжээ. Уг сумыг АНУ-аас илгээсэн автомашинд, цүнхний ёроолд, гутлын түрийнд нуусан аж. Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Тамир “Эдгээр нь Тоз-8 маркийн буунд тохирох сум байсан. Нэг анд хоёр сум зориулна гэж тооцвол хууль бусаар 4500 гаруй амьтан агнах байсан үйлдлийг манай байцаагч нар илрүүлэв. БОНХ-ийн сайдын тушаалаар тарвага агнах, хилээр арьс, эд эрхтэнийг нь нэвтрүүлэхийг хориглосон. Ер нь АНУ-аас илгээж байгаа түүвэр ачааг эрсдэлтэй гэсэн үнэлгээнд тооцон гаалийн улсын байцаагч нар нарийвчлан шалгадаг” хэмээв. Уг хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Өнгөрсөн онд гаалийн байгууллага АНУ-аас ирсэн ачаа тээшнээс Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан 235 сум болон ангийн зориулалттай дөрвөн буу илрүүлжээ.
Т. САЙНАА