“Улаанбаатар такси” компанийн ажилтан Саруул нарын дөрвөн залууд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс бусдыг зодож дээрэмдсэн, тарчлаасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Сэжигтэн Саруул нар энэ сарын 3-4- нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг, “Ачлал”, “Нарлаг” их дэлгүүрийн орчмоос халамцуу явж байсан хоёр залууг хүчээр суудлын автомашинд чихэж суулган Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг, Далан давхрын оршуулгын газарт аваачиж зодож, дээрэмдсэн байна. Улмаар гутал, хувцсыг нь тайлж, шарилын чулуу тэврүүлээд явжээ.
Сэжигтэн Саруул тухайн шөнө хохирогч Б, Ж нартай “Санко” гэх бааранд маргалдаж, муудалцсан юм байна. Цаг хэтрүүлэн 03.00 цаг өнгөртөл ажиллаж байсан тус баарныхан хэрүүл маргаан хийж эхэлсэн дээрх залуусыг баарнаасаа гаргасан аж. Энэ үед Саруул найз нараа дуудаж, дөрвүүлээ нийлэн хохирогчдыг авч явсан гэнэ.