Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн санаачилгаар Засгийн газраас шийдвэр гаргаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)- ийг Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэхээр болсон. Энэ шийдвэрийг ТТАХНЭ-ийнхэн эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж, сүүлдээ өлсгөлөн зарлахдаа тулсан. Эцэст нь УИХ-ын зарим гишүүн хууль санаачлан, хоёр эмнэлгийг нэгтгэх асуудлыг эсэргүүцэхээр болоод байгаа билээ. Асуудал ингээд намжсангүй. ТТАХНЭ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Бямбасүрэн эмнэлгээ төлөөлж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гомдол гаргасан байна.
Сайдын шийдвэрийг тус шүүх хянаж үзээд захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэхээр болжээ. Энэ талаар тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэнгээс лавлахад “ТТАХНЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэнгийн гомдлын дагуу тус эмнэлгийг ЗХКТГ-тай нэгтгэх асуудалд захиргааны хэрэг үүсгэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу баримт цуглуулах, нотлох баримттай танилцаж, хариу тайлбар гаргах боломжоор хангах зэрэг ажиллагаа явуулж байна” гэлээ.
Энэ хэргийн хариуцагчаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Баярцэцэг нарыг татаад буй ажээ.
Г.ЦОЛМОН