Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гарган, Хадгаламж зээлийн хоршооны хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулаад гурван сарын хугацаа өнгөрчээ. ХЗХ-ны хохирогчдын холбооноос өчигдөр мэдээлэл хийхдээ дээрх хугацаанд 50 гаруй иргэний хэргийг УМБГ болон АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн юм. ХЗХ-ны Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “Тухайн үеийн Засгийн газар 43 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, 14 зээлдэгчийн төлөх төлбөр, 20 гаруй газрын зөвшөөрөл, таван газрын лицензийг битүүмжлэн авсан. Бид татвар төлөгчдийн мөнгөнөөс биш дээрх битүүмжилсэн хөрөнгийн мөнгөнөөс хохирлоо барагдуулах ёстой байсан.
ШШГЕГ-ын Дотоод хяналтын албанд ажилладаг Г.Энхтайван урьд нь ХЗХ-ны төлбөр барагдуулах ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Бүтээн байгуулалт сан” ХЗХ-ны зээлдэгч Г.Оюунцэцэгийн 234 сая төгрөгийн зээлийн өрийн битүүмжлэлд байсан хөрөнгийг чөлөөлсөн зэрэг төлбөр төлүүлээгүй зургаан хэрэг, TV5 телевизийн захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Глоб кредит” ХЗХ-ноос санхүүжилт авч, 2004 оны Афины олимпийн наадмыг шууд дамжуулсан, “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны “Россия” рестораныг Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Жанцангийн эхнэр Насанжаргал ШШГЕГ-ын Өр барагдуулах албаны дарга Очирбатын найз гэдгээрээ үнэгүйдүүлж авсан гэх хэд хэдэн мэдээллийг шалгуулахаар Ажлын хэсэгт хүсэлт тавьсан” гэлээ.
Тэдний үзэж буйгаар дээрх хэргүүдээс болж ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулж чадахгүйд хүрээд байгаа. Хохирогчдын төлөөлөл энэ сарын 14-нд Ерөнхий сайдтай дөрөв дэх уулзалтаа хийх бөгөөд энэ үеэр ажлын явцыг танилцуулах ажээ. Дашрамд сонирхуулахад, ХЗХ-ны хохирогчдын шинэчилсэн судалгаа, бүртгэлийг нийслэлийн ШШГГ-т авч байгаа юм байна.
Т.Сайнаа