“Солонгосоос оруулж ирсэн, хүн орхоодойтой, эрүүл мэндэд тустай” хэмээн хуурамч архи борлуулж байгаа талаар Монголын бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооныхон өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус холбоонд БНСУ-ын нэг иргэн гэртээ хуурамч архи хийж буй талаар мэдээлэл ирснийг шалгуулахаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандсан байна. Энэ дагуу дээрх хэлтсээс шалгалт явуулсан ч архийг хэрхэн үйлдвэрлэсэн, тусгай зөвшөөрөлтэй эсэх, эрүүл ахуйн шаардлага хангаж уу гэдгийг нь шалгаж нягтлаагүй гэнэ. Зөвхөн архинд шавьж, хорхой бий эсэхийг шалгаад, илрээгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Монголын бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооны гишүүн Н.Санчиндорж “Бид холбогдох байгууллагуудад хандсан ч арга хэмжээ авахгүй байгаа тул олон нийтэд хандахад хүрлээ. Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс архи үйлдвэрлэж байгаа газрыг битүүмжилсэн гэх боловч архи худалдаалсан хэвээр байна. Тухайлбал, III, IY хороололд байрлах “Аmоre” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах солонгос ресторан дээрх архийг шалгалтаас өмнө ил, одоо далдуур худалддаг гэнэ. Эл архи үйлдвэрийн ямар нэг шошгогүй, бөглөөн дээр “Made in Korea” гэж бичжээ.
Хүн орхоодой, чаг мөөг, чацаргана, нэрсний найрлага бүхий 4-5 төрлийн энэ архийг нэг, найман литрийн хэмжээтэйгээр 130-700 ам.доллараар худалддаг аж. Мөн монгол архи хольдог гэх ч мэдээлэл байгаа гэнэ. Хуурамч архи үйлдвэрлэж байгаа БНСУ-ын иргэн Ким Ён Жун жуулчны визээр Монголд оршин сууж буй тухай дээрх холбооныхон өгүүлэв. Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу “Ард” кинотеатрын ойролцоо байрлах “Q март” дэлгүүрийнхээ ард байх гэртээ хамтран амьдрагч эмэгтэй, монгол хүмүүсийн хамт архиа хийдэг аж.
Монголын бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооноос ГИХАЭГ-т энэ асуудлаар хандсан ч сар гаруйн хугацаа өнгөрөхөд хариу ирүүлээгүй гэсэн. Тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Л.Батсүхээс энэ талаар тодруулахад “Манайд хувь хүн өргөдөл гаргасан. Түүнээс биш ямар нэг байгууллага хандаагүй. Бид шалгаж байгаа. Нэмж шалгах зүйл гарсан учраас шалгалтын хугацааг сунгасан. Тэр хүн хууль ёсоор оршин сууж байна уу гэдгийг нь шалгана. Хуурамч архины асуудал манайд хамаагүй” гэв.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалтын талаар тодруулахаар очсон боловч дарга М.Баасандорж болон шалгалт хийсэн байцаагч нь байхгүй, мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
Э.Эрдэнэцэцэг