Чингэлтэй дүүргийн шүүх Малайзын иргэн Су Го Шин, Тэ Ю Лин, Вон Жан Лун нарын зургаан хүнд холбогдох хэргийг өнгөрсөн даваа гаригт хэлэлцэж ял шийтгэлээ. Тэд манай улсад хуурамч төлбөрийн карттай ирж, 2012 оны гуравдугаар сарын 31- нээс дөрөвдүгээр сарын 12-нд 133 сая гаруй төгрөгийн гүйлгээ хийгээд баригдсан юм. Мөрдөн байцаалтын явцад дээрх этгээдүүд Малайзад байдаг хуурамч карт ашигладаг томоохон бүлэглэлийн гар хөл бологч, хуулийн байгууллагынхны хэллэгээр “хуруунууд” нь байсан гэнэ. Дээрх хүмүүсийн нэг, хоёр нь эхлээд ирж, худалдаа үйлчилгээний төвүүдийг судалж, сүүлд ирсэн нэгнээ дагуулан, олон улсын картаар алт үнэт эдлэл, брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаж авч байсан юм.
Су Го Шин, Тэ Ю Лин, Вон Жан Лун нар Худалдаа хөгжлийн банкинд 43 сая, “Голомт” банкинд 83 сая, ХААН банкинд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ. Нийслэлийн прокурорын газраас тэдэнд бусдын эд хөрөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн, онц их хэмжээгээр залилан авсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Анхан шатны шүүхээс Тэ Ю Линд 10 жил хоёр сар, Чуа Син Ви, Вон Жиан Лун, Су Го Шин, Чиа Гуан Сун, Хор Чи Чай нарт тус бүрт 10 жил нэг сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж, хүн тус бүрээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэсэн байна. Олон улсын банкны цахим картын гүйлгээ ашиглан ийнх үү луйвар хийсэн тохиолдол ганц энэ ч биш. Украины иргэд ч бас ийм маягаар залилан хийгээд баригдсан, манай хэдэн оюутан ч ийм луйвар хийсэн нь илэрч байсан билээ.
Манай арилжааны банкуудын хяналт шалгалт сайн, сэжигтэй гүйлгээний талаар цаг алдалгүй хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулсан нь эрсдэлээс зайлсхийх боломж олгосон аж. Дээрх гэмт этгээдүүд хотын захын жижиг буурчийн газарт нуугдаж байгаад баригдсан юм. Банкны цахим мэдээллийн санд хууль бусаар нэвтэрдэг хакеруудаас залилан хийсэн гэмт хэрэгтнүүд иргэдийн дансны мэдээллийг авч, түүнийгээ ашиглан өөрийн гэрэл зураг, нэртэй хуурамч карт хийдэг гэнэ. Гэхдээ АТМ-аас бэлнээр мөнгө авдаггүй юм байна. Банкны цахим мэдээллийн санд нэвтэрдэг хакерууд маш өндөр үнээр иргэдийн дансны мэдээллийг худалддаг бөгөөд түүнийг нь худалдан авч, карт бэлтгэж өгдөг нэг хэсэг, дээрх ял шийтгүүлсэн “хуруунууд” шиг нөхөд олон байдаг гэнэ. Ийм бүлэглэл олон улсад маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тухай мэдээлэл цагдаа, тагнуулын байгууллагад байдаг юм билээ.
Гэмт этгээдүүд ихэвчлэн бэлтэй хүмүүсийн дансны мэдээллийг авах эсвэл хаяж үрэгдүүлсэн цахим картыг нь ашиглаж дансыг нь олж авах, үрэгдүүлсэн бичиг баримтаар нь дансны дугаарыг нь олох гэх мэт нарийн арга хэрэглэдэг учраас иргэдийг дансны мэдээлэл, дугаараа өөр хүнд ашиглуулахаас сэрэмжлэхийг цагдаа, тагнуулын байгууллагынхан санууллаа.
Г.ЦОЛМОН