“Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр нарын 15 хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүх анхан шатны журмаар өчигдрөөс хэлэлцэж эхэллээ. Тэдэнд одоогоос таван жилийн өмнө хууль бус хувьцаа гаргаж, иргэдийг хохироосон, харилцагч, хадгаламж эзэмшигч, хувьцаа худалдан авсан иргэдэд 120 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа.
Өчигдөр үдээс өмнө шүүгдэгч нарын биеийн байцаалттай танилцаж, прокурор яллах дүгнэлтээ уншиж сонсгосон бол, үдээс хойших хуралдаанаар шүүгдэгч нарын мэдүүлгийг сонссон юм. Баянзүрх дүүргийн шүүхийн эх сурвалж “Энэ хэрэг олон холбогдогчтой, ээдрээ төвөгтэй учраас нэг өдрийн дотор шийдэж амжихгүй. Магадгүй 2-3 хоног, түүнээс илүү хугацаагаар ч үргэлжлэх магадлалтай” гэсэн юм.
Г.РАВЖАА