АТГ-аас Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээс түүнд хорих ял ногдуулсан талаар бид мэдээлж байсан. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр бусдыг дарамталж, мэдүүлгээсээ буцахыг ятгаж, эцэстээ мөрдөн байцаагчаа эрүүгийн хэрэгт гүтгэж байв.
Тэрбээр шоронгоос суллагдсаныхаа дараа шинээр илэрсэн нөхцөл байдал хэмээн дахиад л мөрдөн байцаагчийнхаа улыг шагайж эхэлсэн аж. Түүний гаргасан гомдлын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвойд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ асуудлаар мөрдөн байцаагч Б.Бат-Олзвойтой ярилцлаа.
-АТГ дөнгөж байгуулагдсаны дараахан Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэд холбогдох авлига, албан тушаалын хэргийг та шалгаж, шүүх түүний гэм буруутайг тогтоож ял шийтгэсэн. Гэтэл өнөөдөр байдал өөрөөр эргэж таныг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх боллоо. Яагаад ийм асуудал үүсэв?
-2007 онд иргэн Р.Батбаяр хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгуулж байхдаа иргэн Г.Төгсжаргалаар дамжуулан нэг сая төгрөгийг аймгийн прокурорын орлогч Ш.БолдЭрдэнэд өгч, хэргээ хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргийг 2008 онд АТГ-ын мөрдөн байцаагчид шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхээс Ш.БолдЭрдэнэ, Р.Батбаяр нарт хорих ял ногдуулсан. Гэтэл өнөөдөр албан тушаалаа ашиглан бусдаас хахууль авсан прокурор Ш.Болд-Эрдэнийн гомдлоор би эрүүгийн хэргийн яллагдагч болоод байна. Уг нь түүнийг ялласан бүх шатны шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа шүү дээ. Ш.Болд-Эрдэнийн үгээр ажилладаг прокурорууд болон түүний дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч нар намайг бусдад эрүү шүүлт тулгасан, хүн зодсон, хууль бусаар хүн баривчилсан гэж шалгаж байгаа. Удахгүй шүүхэд шилжүүлэх байх. Шүүх үнэнийг олж өгнө гэдэгт итгэж байна.
-Ш.Болд-Эрдэнэ хэргийн хохирогч мөн юм уу. Яагаад энэ хүн таныг хэрэгт холбогдуулан шалгуулаад байгаа юм бэ?
-Монгол Улсын бүх шатны шүүхээс ял шийтгэгдсэн Ш.Болд-Эрдэнийг надад холбогдуулан үндэслэлгүйгээр үүсгэсэн хэрэгтээ хохирогчоор тогтоон байцаасныг би огт ойлгохгүй байгаа. Г.Төгсжаргал гэх хүнд эрүү шүүлт тулгаж, хууль бусаар баривчилсан, Сансарсайхан гэх хүнийг зодсон гэсэн үйлдэлд намайг буруутгаж байгаа гэсэн. Хэрвээ тийм бол энэ хоёр хүн л гомдол гаргаж хохирогчоор тогтоогдох ёстой. Гэтэл Төгсжаргал, Сансарсайхан нар гомдол гаргаагүй. Ш.БолдЭрдэнэ л энэ хоёр хүнийг дарамталсны улмаас би хохирсон гээд гомдол гаргаад байгаа юм. Ш.Болд-Эрдэнийг хохирогчоор тогтоомоор байгаа бол эрүү шүүлт тулгасан, хүн хууль бусаар баривчилсан, цохиж зодсон гэж надад үндэслэлгүйгээр үүсгэсэн эрүүгийн хэргээ нотолсны дараа л түүнийг хохирогчоор тогтоох ёстой.
Ш.Болд-Эрдэнэ надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах биш өөрийнхөө хахууль авсан үйлдэлдээ ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэрүүдээ хүчингүй болгуулж, хэргээ сэргээлгэн шалгуулах ёстой. Эхэндээ прокурорууд хуулийн дагуу ажиллан Ш.БолдЭрдэнийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гээд прокурорын дүгнэлт бичиж, Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн юм билээ. Тус шүүхээс уг дүгнэлтийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал, Ш.Болд-Эрдэнэ хахуулийн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон, түүнчлэн мөрдөн байцаалтын явцад хахууль авснаа аваагүй болгох гэж Р.Батбаярыг удаа дараа дарамталж байсан нь нотлогдсон гэж үзсэн. Гэвч шийтгэх тогтоолуудыг хүчингүй болгуулах прокуроруудын гаргасан санаа нь хэрэгжээгүй тул мөрдөн байцаалтыг хууль зөрчин явуулж эхэлсэн.
-Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад таныг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаад байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Яагаад ингэж хууль зөрчиж шалгаад байгааг нь би ойлгохгүй байна. Үүнийгээ тайлбарлаж өгнө үү гэсэн хүсэлт гаргахаар прокурорын байгууллагаас “Таныг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна” гэсэн л хариу өгдөг. Намайг шалгаж болно оо. Гэхдээ өс хонзонгийн зорилгоор биш. Үнэн зөвийг нь олж тогтоогоогүй байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд буруу ойлголт өгч байгаад харамсаж байна. Тэдний яриагаар бусдадаа хатуу шаардлага тавьдаг, ажилдаа сайн прокурорыг нь би өс хонзонгийн сэдэлтээр хилс хэрэгт, хуурамч баримт бүрдүүлээд прокурорт шилжүүлчихсэн, прокурор нь яллаад, шүүгч нар нь шийтгэчихсэн гэнэ.
Албан тушаалаа ашиглан өөрийн шууд удирдлагад ажилладаг хяналтын прокурорт хууль бус шаардлага тавьж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулаад өөрөө хахууль авсан прокурор шударга прокурор юм уу. Хэрэв тийм бол тэрийг нь нотолсон, ялласан, шүүсэн АТГ, прокурор, шүүхийн албан хаагч нар буруутай болж таарах нь.
-Ш.Болд-Эрдэнэ авлига өгсөн хүнээ дарамталдаг, энд тэнд аваачин шахаж шаарддаг, хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх гэж оролдсон талаар манай сонин өмнө бичиж байсан. Шалгаж байсан байцаагчийн хувьд Р.Батбаярыг хэрхэн дарамталж байсан талаар хэлж болох уу?
-Ш.Болд-Эрдэнийн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн шийтгэх тогтоолууд хүчин төгөлдөр байгаа учир энэ талаар хэлж болох юм. Ш.Болд-Эрдэнэ цагаан өнгийн “Аксент” маркийн машинаар талийгаач Р.Батбаярыг гэрээс нь авахуулан I хорооллын ард авчруулан өөрөө 17-17 улсын дугаартай хар өнгийн “Ланд Круйзер” маркийн машинтай очин зодож, “Чи шоронд орвол үхдэл болно, би яахав прокурор хүн амиа аваад гарчихна шүү” гэх зэргээр заналхийлсэн.
“Өргөө” кинотеатрын баруун талын компьютерийн дэлгүүрт авчруулж, өмгөөлөгч гэх эмэгтэйтэй уулзуулан “Мэдүүлгээсээ буц” гэж тулган шаардаж байсан байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт нь тодорхой баримтжуулсан. Мөн талийгаач Р.Батбаярыг байцаалт өгөөд гарч явахад нь Ш.Болд-Эрдэнэ өөрийн “Прадо” маркийн автомашинд суулган авч яваад, хаалгаа түгжиж байгаад гар утсаараа бичлэг хийж, түүнд тулган асуулт тавьж байсан гэдэг. Үүнээс гадна хэд хэдэн удаа талийгаач Р.Батбаярыг дарамтлах, гуйх зэргээр уулзаж байсан. Талийгаач Р.Батбаяр энэ талаар надад хэлээд “Байцаагч аа, намайг хориод шалгаж өгөөч, надад хэцүү байна” гэдэг байсан.
-Хахууль өгсөн Р.Батбаяр ямар шалтгаанаар хэзээ нас барсан юм бэ. Удаа дараа заналхийлж байсан юм бол Ш.Болд-Эрдэнэтэй холбоотой юм биш үү гэх хардлага төрж байна.
-Ял эдэлж байхдаа шоронд нас барсан гэдгийг нь дуулсан. Хүн нас барсан тохиолдолд заавал эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх ёстой. Энэ хэрэгт Ш.Болд-Эрдэнийг оролцоо байсан эсэхийг шалгах л хэрэгтэй байсан.
-Та гэрч Сансарсайхан, Төгсжаргал нарыг яаж дарамталсан юм бэ. Тэднээс мэдүүлэг авах үед өмгөөлөгч болон хөндлөнгийн гэрч байгаагүй юм уу?
-Төгсжаргал нь Болд-Эрдэнэд хахууль зуучилсан хүн. Түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан сэжигтнээр байцаасан. Тэрбээр өмгөөлөгчтэй байцаалт өгч байсан, тэгээд ч миний ажлын өрөө камертай. Сансарсайханы хувьд түүнийг прокурорын даалгаврын дагуу Сэлэнгэ аймагт очиж гэрчээр байцаасан. Энэ хүн ч гэсэн өмгөөлөгчтэйгөө ирж байсан. Тэднийг дарамталж, цохиж зодсон асуудал байхгүй гэдгийг байцаалт авч байх үед байсан өмгөөлөгч нар гэрчилсээр байтал үндэслэлгүйгээр үүсгэсэн хэргээ үргэлжлүүлэн шалгасаар байгаа.
-Таныг албан тушаалаас тань түдгэлзүүлэх асуудлыг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тавьсан. Харин танай удирдлага уг тогтоолыг биелүүлэхгүй бай гаа нь хэвлэлээр хэрүүлийн алим болоод байх шиг байна. Таныг буруутгах гээд улайм цайм тэмцээд байгаагийн учир нь юу юм бол?
-Ш.Болд-Эрдэнэ шоронгоос гарч ирэхэд хахууль өгсөн Р.Батбаяр шоронд нас барсан, зуучлагч Г.Төгсжаргал гадаадад суралцахаар явсан, прокурорын байгууллага шинэчлэгдэн түүний нутгийн танил тал, найз нар нь прокурорын байгууллагын удирдлага болсон зэрэг нөхцөл байдал өөрт нь ашигтай байгаа юм байлгүй. Ш.Болд-Эрдэнэ Увсын хүн. Прокурорын удирдлагад өөрийгөө хилс хэрэгт шийтгүүлсэн гэж ойлгуулан, хуучин ажилдаа орох зорилгынх нь нэг хэсэг нь байх. Түүнээс бидний хооронд өш хонзон, өр авлага байхгүй. Түүнийг би таних ч үгүй. Ш.Болд-Эрдэнийн энэ гүтгэлэг 2008 оны есдүгээр сараас эхэлсэн. Энэ нь өөрт холбогдох эрүүгийн хэргээ надаас өөр мөрдөн байцаагчаар шалгуулах , улмаар хэргээ хэрэгсэхгүй болгуулах зорилготой хийсэн ажил байсан юм. Гэвч түүний хэргийг шилжүүлэн авч, мөрдсөн мөрдөн байцаагч мөн л хахууль авсныг нь нотолж хэргийг прокурорт шилжүүлэн, шүүхээр шийдвэрлүүлсэн. Тиймээс прокурорын байгууллага надад үүсгэсэн эрүүгийн хэргээ 2009 оны нэгдүгээр сарын 27-нд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Ш.Болд-Эрдэнэ ялаа эдэлж шоронгоос гарч ирээд, шинээр томилогдсон нутгийн прокурорууддаа гомдол гарган 2012 оны эхээр хэрэгсэхгүй болгосон хэргийг үндэслэлгүйгээр сэргээлгэн шалгуулаад байгаа юм. Үнэхээр би ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь тэдний явуулж байгаа мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах үндэслэл байсан бол жилийн өмнө энэ асуудлаа гаргаж тавих хэрэгтэй байсан. Одоо өөрсдөө хэргээ мөрдөж чадахгүй болохоор түүндээ намайг буруутгаж байгаад харамсаж байна. Энэ бүх нөхцөл байдлыг манай байгууллагын удирдлагууд ойлгож байгаа, тийм болоод ч миний ажлыг түдгэлзүүлээгүй.
-Танд холбогдуулан шалгаж байгаа хэрэгт цагдаагийн байгууллагын ажилтан Өлзийсайхан, Ганболд гэх хүмүүсийг татан, ажил албан үүргийг нь түдгэлзүүлэх гэж байгаа талаар хэвлэлээр гараад байгаа. Энэ хүмүүс уг хэрэгт ямар оролцоотой юм бэ?
-Ганболдын хувьд ЭЦГ-ын ажилтан, Ш.Болд-Эрдэнэд холбогдох хахуулийн үйлдлийг баримтжуулан шалгаад эрүү- гийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар манайд шил жүүлсэн юм. Би 2008 онд прокурорын даалгаварт заасныг биелүү- лэхээр гэрч Сансарсайханыг олж байцаахын тулд Сэлэнгэ аймагт ажилласан юм. Гэвч Сансарсайхан оршин суух хаягтаа байхгүй, биднийг очих сургаар гэрээсээ зугтсан тул тухайн өдрөө түүнээс байцаалт авч чадалгүй Ерөө сум руу явсан. Аймгийн төвөөс гарах үед машины нэг талын хоёр дугуйнд хадаас хийснийг бидний хэн ч мэдээгүй. Сэлэнгээс гараад Ерөө сум руу эргээд шороон зам руу ортол машины нэг талын хоёр дугуй хийгүй болсон. Хурдтай явсан бол осол гарах байв. Гадаа харанхуй, шороон замаар удаан явж байсан тулдаа л ямар нэгэн осолд оролгүй маши наа зогсоосон. Ингээд байгаа нөөц дугуйгаа хийж үлдсэн хагархай дугуйгаа зөрж явсан том машины даралтаар хийлүүлэн явсаар Ерөө сумын төвд ирж хоноод тэнд төлөвлөсөн ажлаа хийсэн.
Томилолтоор хамт явсан жолооч, гүйцэтгэх ажилтан нар маань дугуйгаа нөхөхөөр болсон. Удалгүй гүйцэтгэх ажилтан маань ирээд хоёр ширхэг шинэ ижилхэн хадаас үзүүлээд “Үүнийг хийсэн байна” гээд надад харуулсан. Удалгүй Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын төлөөлөгч Өлзийсайхан над руу утасдаад “Сансарсайхан намайг хэн дуудсан юм бэ гээд Цагдаагийн газрынхнаас асуугаад явж байна” гэхээр нь “Бид нөөц дугуйгүй болсон. Тэгээд ч шатахуун бага байна, наашаа дөхүүлэх арга байна уу” гэж хүссэн. Бид Сэлэнгэ аймаг, Ерөө сумын дунд Улаанбаатар хот руу явдаг засмал замын уулзварт уулзалдаж, Сансарсайханаас гэрчийн мэдүүлэг аваад явсан. Тухайн үед Сансарсайхантай хамт өмгөөлөгч нь гээд эмэгтэй явж байсан. Өмгөөлөгчийнх нь дэргэд байцаасан. Гэтэл гэрч Сансарсайханыг надад авчирч өгсөн гэж Өлзийсайханыг буруутгаж буй юм. Тэд мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцоогүй, надад холбогдуулсан хэргийн субъект биш.
Г.ЦОЛМОН