Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Жем интернэшнл” компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хоёр сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх дүгнэлт гаргаснаа Үйлдэр, хөдөө аж ахуйн сайдад хүргүүлсэн байна. Тус компанийн эрхийг түр хугацаанд түдгэлзүүлэх болсон шалтгаан нь шинэ оны эхний өдөр “ТВ7” телевизээр Монголын уран сайхны “Үлгэрийн хайр” киноны дундуур “Алтан буудай”, “Тэргүүн”, “Gold Chinggis”, “Platinum Chinggis” архины сурталчилгааг олон нийтэд түгээж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж буй аж. Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн заалтыг зөрчсөн тус телевизэд 10 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин “Жем интернэшнл” компанийнхан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж буйгаа өчигдөр мэдэгдэв. Тэдний ярьж буйгаар, 2010 онд тус компани “Үлгэрийн хайр” киног ивээн тэтгэсэн бөгөөд кинон дундуур нэрийн бүтээгдэхүүнээ сурталчилсан тул тухайн үед хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахуулжээ. Тэр үеэс хойш уг киноны дундуур согтууруулах ундааны сурталчилгааг дахин гаргахгүй байх талаар кино бүтээгчидтэй тохиролцсон аж. Гэтэл “ТВ7” телевиз тус киног гаргахдаа уг сурталчилгааг давтан гаргасан нь тухайн телевизийн хариуцлагагүй үйлдэл гэж “Жем интернэшнл” үзэж буй. Телевизийн хариуцлагагүй үйлдлээс болж тус компанийн бизнесийн нэр хүнд, үйл ажиллагаанд ноцтой хохирол учрахаар байгаа тул ШӨХТГ-аас энэ асуудлыг эргэн нэг харахыг хүслээ.