2012 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс энэ оны нэгдүгээр сарын 1-нд нийслэлд архидан согтуурч хүний амь нас хохироосон хэрэг Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт гарав. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XIII хорооны нутагт арванхоёрдугаар сарын 31-нд 62 настай М-ыг гэрт нь хүргэсэн А нь согтуудаа зодож амь насыг нь бүрэлгэжээ. Мөн дүүргийн IX хорооны нутаг, Шар хадны гудамжинд оршин суух Б-г гэртээ байхад нь өнгөрсөн сарын 28-нд О гэх залуу хэдэн хүний хамт дайрч орон, зодож гэмтэл учруулжээ. Б зодуулсныхаа маргааш Яаралтай тусламжийн төвийн машинаар ГССҮТ-д очоод удалгүй нас баржээ.
Чингэлтэй дүүргийн VII хороонд энэ сарын 1-ний 04.40 цагийн үед 22 настай Ж-г Баянхонгор аймгаас ирсэн найз Б нь согтуудаа хутгалж хөнөөжээ. Баярын үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, осгосон хоёр хүнийг цагдаагийнхан эмнэлэгт хүргэсэн байна. Амралтын өдрүүдэд хулгайн 47 хэрэг гарчээ. Энэ өдрүүдэд эрүүлжүүлэх байраар 693 хүн үйлчлүүлсний 23 нь эмэгтэй байв. Баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг албаны бэлэн байдалд шилжүүлэн ажиллуулсан байна.
Г.Равжаа