Баян-Өлгий аймгийн нутгаар ОХУ-ын талаас хүмүүс хил зөрчин ирж, хилчдийн морийг хулгайлахыг завджээ. Тэд тус аймгийн Цагааннуур сум дахь хилийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр хил зөрчсөн бөгөөд харуулын байрнаас 50 орчим метр зайд аргамжаатай байсан хилчдийн таван морийг хулгайлахыг завдсан байна. Хилчид сонор сэрэмжтэй байж, гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоожээ. Хил зөрчигчид ОХУ-ын Тува улсын Мөнгөн тайга хошууны Кызыл-Каяа тосгоны иргэн Тактак Алик Романович, Кертек Урамол Кара-Олович, Комраржав Мерген Килерович нар байсан гэнэ.
Согтуу тува хил зөрчив
Увс аймгийн ОХУ-тай хил залгаа хэсгээр явган хүн хил зөрчжээ. Тэрбээр хилийн орчимд өвөлжиж байсан Увс аймгийн Сагил сумын иргэн Л.Сүхбаатар, Н.Цэвэгмэд нарын өвөлжөө рүү ойртох үед хилчид саатуулсан байна. Хил зөрчсөн этгээд нь ОХУ-ын Тува улсын Мөнгөн тайга хошууны Мугур-Аксы тосгоны иргэн Хертек Сайсуу Викторовна гэх эмэгтэй байсан бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хил зөрчсөн байна.