Улаанбаатар хотод шөнийн цагаар галт зэвсэг агсан, “Ланд круйзер-200” маркийн автомашин хөлөглөн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан хэрэг гарсан тухай иргэд манайд мэдээлэв. Сүхбаатар дүүргийн нутаг, ОХУ-ын ЭСЯ-ны баруун талд байрлах солонгос хоолны газрын орчимд уг хэрэг явдал болсон гэнэ. 00-58 дугаартай “Ланд круйзер-200” маркийн авто машин хөлөглөсөн, 18 насанд хүрээгүй болов уу гэмээр таван залуу солонгос хоолны газраар үйлчлүүлж байсан нэг залууд буу тулгаж танхайрсан аж. Энэ үйлдлийг харсан хоолны газрын тогооч нар цагдаад дуудлага өгсөн гэнэ. Ингээд тэдний машинд үзлэг хийхэд тээшнээс нь бас сум олдсон байна.
Харин энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхнээс лавлахад “Манайд ийм мэдээлэл ирээгүй” гэсэн юм. Гэвч тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн буу тулгуулсан залууг хохирогчоор тогтоон дуудаж, тайлбар авчээ. Бидэнд мэдээлэл өгсөн иргэд “Ийм явдал болсон нь үнэн. Бууных нь зургийг цагдаагийнхан авч, хөндлөнгийн гэрчээр солонгос хоолны газрын тогооч нарыг байлцуулсан. Магадгүй хэн нэгэн эрхтэн дархтаны эрх хүүхдүүд шөнийн цагаар ийм байдалтай зугаалж явсан байх” гэлээ.
Харин Нийслэлийн цагдаагийн газрын эх сурвалжаас хэдэнтээ лавласны эцэст “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст ийм дуудлага ирсэн нь үнэн байна. Гэхдээ шалгалтын явцад нөгөө залуусын нэг нь “Би өвөр дээрээ бор түрийвч тавиад явж байсныг буу гэж харсан юм байгаа биз” гэж хэлсэн гэнэ. Гэхдээ манай газраас энэ асуудлыг сайтар шалга гэсэн үүрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэнд өгсөн” гэсэн юм.