“Fuji holding” ББСБ-ын захирал Т.Энхсайхан өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор Б.Амарбаясгалан ямар ч үндэслэлгүйгээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, зургаан сарын турш шалгаж, эцэст нь хэрэгсэхгүй болгожээ. Энэ хугацаанд прокурор түүнийг айлган сүрдүүлж, мөнгө авч, баар ресторанд согтуу удаа дараа дуудан, дайлуулж байсан тухай баримтыг энэ үеэр Т.Энхсайхан олонд дэлгэсэн юм. Энэ хэргийн талаар Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав болон Прокурорын ёс зүйн зөвлөлд хандсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул хоёр дахь удаагаа захидал бичиж байгаа аж.
Т.Энхсайхан “Шалгагдаж байх хугацаанд янз бүрээр эрхээ хасуулж, эд хөрөнгөө алдаж хохирсон. Улсын Ерөнхий прокурорт гурван хүсэлт тавьсан. Туслах ажилтан Д.Баттөмөр байцаан шийтгэх ажиллагааны оролцогч этгээдээс зээл авсан нь батлагдсан. Д.Баттөмөрт авсан арга хэмжээнийхээ талаар бидэнд бичгээр тайлагнах, дур мэдэн эрүү үүсгэсэн прокурор Б.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн 248 дугаар зүйлийн 242.2-оор “Илт гэм буруугүй хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан, сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан” гэдэг үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж өгөхийг хүсч байна. Мөн прокурорын байгууллагын хяналтын бүтцийг өөрчлөх талаар шинээр мөрдөх хуульд өөрчлөлт оруулахаар хөөцөлдөж өгөхийг хүссэн” гэлээ.
О.Ундрах