-Талийгаач энхийг сахиулах ажиллагаанд анх удаа оролцож байжээ-
Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчид НҮБ-ын мандат дор энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа. Өмнөд Судан дахь энхийг дэмжих UNMISS ажиллагаанд манай 850 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буй бөгөөд аюулгүй байдлыг хангахад ажиллагааны газар оронд дэмжлэг үзүүлэх, НҮБ-ын мандатын дагуу Өмнөд Суданд тогтвортой нөхцөл бүрдүүлэх үүрэг чиглэлтэй. Гэвч тус цэргийн багаас хоёр дахь энхийг сахиулагч цаг бусаар нас барав. Цэргийн багийн I ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлагч Г.Мөнх-Эрдэнэ энэ оны арваннэгдүгээр сарын 13-нд зүрхний шигдээс өвчнөөр гэнэт нас барсан талаар бид мэдээлж байсан. Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байтал Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлагч Г.Амартүвшин золгүйгээр нас баржээ.
Энэ тухай мэдээллийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тэрбээр “Энэ сарын 23-нд орон нутгийн цагаар 12.30 цагийн үед манай цэргийн багийн нэг хэсэг нь үүрэг гүйцэтгэж буй Өмнөд Суданы Румбек хотод 23 настай энхийг сахиулагч Г.Амартүвшин усан санд осолдож, харамсалтайгаар амиа алдлаа. Тэрбээр эхнэр, охины хамт амьдардаг, эхнэр нь Багануурт, ээж нь Хэнтий аймагт байдаг юм билээ. Түүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, эмч нарт хандсан ч амийг нь аварч чадсангүй. Урьдчилсан дүгнэлтээр, талийгаач усанд осолдсоны улмаас амьсгалын замын бүтэлт, зүрх судасны хурц дутагдалд орсон гэсэн онош тогтоогдсон.
Болсон явдалтай газар дээр нь танилцахаар багийн захирагч, хурандаа Л.Гансэлэм Румбек хотыг зорьсон. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээг НҮБ-ын II, III шатны эмнэлэгт хийж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Гурав хоногийн дараа бид чухам юу болсон талаарх мэдээллийг хүлээн авна. Түүний дараа талийгаачийн шарилыг эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулна. Талийгаачийн ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж, мөн томилолтын мөнгийг нь олгоно. Шинжээчдийн дүгнэлт гарч, болгоомжгүй явдлаас биш гэж үзвэл мөнгөн тусламж үзүүлэх ёстой. Бид ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоохоор ажиллаж байна” гэлээ.
Талийгаач Г.Амартүвшин нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1989 онд төрсөн. 2007 онд тус сумын сургуулийг төгсөөд, БХИС-ийн Ах лагчийн сургуулийг дүүргэсэн нэгэн аж. Түүний ээж Г.Мөнгөнцэцэг Хэнтий аймгийн Холбооны газарт ажилладаг бол, аав А.Гантулга нь мал малладаг гэнэ. Талийгаач Г.Амартүвшин 2009 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хааж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд “Хааны эрэлд”, “Сэлэнгэ” зэрэг олон улсын цэргийн хамтарсан хээрийн сургуульд оролцож байж.
Харин НҮБ-ын Олон улсын цэргийн ажиллагаанд анх удаа оролцож байгаад ийнхүү амиа алджээ. Манай энхийг сахиулагчдаас гадаадад үүрэг гүйцэтгэж байгаад нас барсан дөрөв дэх хүн нь Г.Амартүвшин болж буй юм. Зарим эх сурвалж “Талийгаач ням гаригийн амралтын цагаараа усан санд орсон юм билээ. Түүнтэй хамт манай цэргүүд байсан. Гэвч тэд анхны тусламж үзүүлж чадаагүй, аврах ажиллагаа хожимдсон. Румбек хотод 186 хүнтэй баг үүрэг гүйцэтгэж байгаа. Хажууд нь байсан цэргийн алба хаагчдаас асууж тодруулах зүйл нэлээд байгаа” гэлээ.
Г. РАВЖАА