“Саусгоби ресурс” компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуягийн хэрэгт холбогдуулан шалгасан. Мөрдөн байцаалтын явцад тэдний хэргийг тусгаарлан шалгаж буй юм. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Саусгоби”-ийн хуулийн ахлах зөвлөх, Австралийн иргэн Сара Армстронгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Росс Троманс болон Сара Армстронг нар өчигдөр сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийв.
Ноён Росс Троманс “Монгол Улсын АТГаас “Саусгоби ресурс” компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгод холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Түүнийг цаашид сэжигтэн, яллагдагчаар татахгүй, хилээр гарч болно гэсэн мэдэгдлийг бид хүлээн авлаа. Харин тус компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. “Саусгоби” компанийн зарим тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн болон түүнтэй холбоотойгоор төрийн зарим алба хаагчдын үйлдлийг шалгаж байгаа гэдгийг мэдэгдсэн. “Саусгоби сэндс” компанийнхан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж буй үйл ажиллагаанд хамтран ажилласаар байгаа. Сараг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу байцааж, түүнийг өмгөөлөгч, орчуулагчтайгаа тайлбар өгөх боломжоор хангасанд талархаж байна. Энэ дашрамд нэг зүйлийг онцлон хэ лэхгүй бол болохгүй байх. Манай компани зах зээлийн нөхцөл бүрдэхээр Овооттолгойн ордын үйл ажиллагааг сэргээж, бүрэн хүчин чадлаар нь ашиглах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
Манай хууль хяналтын байгууллагынханд багагүй хугацаанд шалгуулж, хилээр гарах эрхээ хасуулсан Сара Армстронг энэ үеэр сэтгүүлчдэд “Намайг АТГ-т шалгуулж байх үед Монгол Улс дахь Австралийн Консулын газраас үзүүлсэн туслалцаа дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлье. АТГ-аас явуулсан мөрдөн байцаах ажиллагааны туршид би хамтран ажилласан. Мөрдөн байцаалт дуусаж, сэжигтэн биш болсондоо баяртай байна” гэв. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үнэхээр дууссан эсэхийг НПГ-ын албаны эх сурвалжаас лавлахад “Сара Армстронгод хол богдох үйлдлийн гэм буруутай нь тогтоогдоогүй учраас хэргийн түүнд холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон. Бусад хүмүүсийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэлээ.
Г.ЦОЛМОН