Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд хянаж байна. Түүнд болон Улаанбаатар хотын Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогч М.Баярмаа нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 150, 263, 273 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан юм.
Тэд цас хайлуулах бодис нийлүүлэх тендерийг сонгон шалгаруулалтгүйгээр БНХАУ-ын нэгэн компанид өгч, хөрөнгөөс нь завшсан хэрэгт холбогдсон бол, Ц.Болд Улаанбаатар хотод хэрэгжсэн “Хашаа” арга хэмжээнд зарцуулах, Улаанчулуутын хогийн цэгийг шороогоор дарах төслийн мөнгөнөөс 80 сая төгрөг завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Баянзүрх дүүргийн шүүх тэдэнд холбогдох найман хавтаст хэрэгтэй танилцаад, ирэх сард шүүх хурлыг товлох гэнэ.