2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд ертөнцийн төгсгөл болно, дэлхий сүйрнэ хэмээн лекц уншиж, олон хүний толгойг эргүүлсэн хүн бол “Орифлейм” хэмээх сүлжээний бизнес эрхлэгч Г.Оюунгэрэл. Түүгээр зогсохгүй, байшин барилга нурна, гэрэл цахилгаангүй гурав хоног болно хэмээн иргэдийн дунд цуу яриа дэгдээж, айхгүй ч гэсэн аягүй гэгчээр хэд хоногийн өмнө хүмүүсийн нэг хэсэг түүний үгэнд автан битүүхэндээ дэлхийн сүйрэлд бэлтгэж байсан. Гэвч хуанлийн хуудас эргэдгээрээ эргэж, нар манддагаараа мандаж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Түүний лекцийг сонсож, дэлхийн сүйрэлд итгэгчид цуу яриагаа улам үнэмшилтэй болгохын тулд тарвага ичээнээсээ гарсан, буга айлын гадна ирсэн гэх мэтээр давсалж, хөхөө өвлийн цагаар амьтад ингэж буй нь муу ёр гэх хүмүүс ч гарав.
Дэлхий сүйрэх тухай цуурхалд итгэгчид “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэлийн зурагтаар “Би монголчууддаа дэлхийн мөхлийн талаар сүүлчийн удаа сануулж байна” хэмээн мэдэгдэж, зөвлөсний дагуу гэр худалдан авч, лаа, шүдэнз, хүнс хоолоо базаан хөдөөг зорьсон. Үүний тод жишээг энэ сарын 21-ний баасан гаригт нийслэлийн замын хөдөлгөөн ачаалал багатай өнгөрснөөс харж болохоор байв. Түүгээр зогсохгүй худалдааны төвүүдийн наймаачдын зарим нь энэ өдөр ажилдаа гараагүй, “Нарантуул” захын ихэнх лангуу хоосон байлаа. Хэд хоногийн өмнөөс лаа, шүдэнзний үнэ тэнгэрт хадаж, гэр ховордсон ч гэх шиг. Тэр өдөр иргэдийн зарим нь ах дүү, садан төрлөөрөө цуглаж, найр наадам хийх нь холгүй, архидаж өнгөрөөсөн байна.
1960-аад оны үед “Икар” гэх гаригтай дэлхий мөргөлдөж сүйрэх тухай цуу яриа дэгдэж, халуун зунаар үхэр нядалж, ах дүү садан төрлөөрөө цуглаж, найрлан, зарим нь нууц хүүхдээ хүртэл танилцуулж байсан гэдэг. Энэ мэт цуу яриа нийгмийн сэтгэл зүйд асар их хор хохирол учруулж, өндөр настнуудын даралт ихдэхээс авахуулаад өвдөх явдал ч гарчээ. Энэ өдөр жирийн өдрүүдээс олон хүн архи хэтрүүлэн хэрэглэж, эрүүлжүүлэгдсэн байна. Настайчууд үр хүүхдээ тойруулан нэг гэртээ цугласан гэсэн. Харин дэлхий дахинд арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрнэ гэх цуу яриа дэгдээгчдэд хатуухан хариуцлага тооцсон. Тухайлбал, БНХАУ-д 600 гаруй хүнийг баривчилж, эмх замбараагүй байдал үүсгэж, тогтворгүй байдалд турхиран, хэв журам зөрчсөн гэж ял шийтгэжээ. ОХУ-д ч ялгаагүй хүн амын дөрөв орчим хувь нь дэлхийн сүйрэлд итгэж, хоол хүнсээ базаасан гэнэ. Цуу үг тараасан хүмүүст тус улсын хууль хяналтын байгууллагаас хариуцлага тооцов.
Харин манайд өнөөдөр цуурхал дэгдээгчдэд тооцох эрүүгийн болоод захиргааны хариуцлагын арга хэмжээ алга. Эрүүгийн хуулийн 179 дүгээр зүйлд “Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох” гэсэн заалт байгаа ч Г.Оюунгэрэлийн үйлдэл холбогдох субъект болохгүй нь. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдээллийнхээ үеэр “Иргэдийн сэтгэл санааны тогтворгүй байгааг далимдуулан архи, согтууруулах ундаа ихээр худалдаалах, нийгмийн эмх замбараагүй байдал гаргасан, иргэдийг турхирсан мэдээ мэдээлэл тараасан гэм буруутай этгээдэд хариуцлага тооцно. Мөн нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлсөн, цуурхал дэгдээсэн хүмүүст эрүүгийн хариуцлага тооцох тухай заалт Эрүүгийн хуульд оруулахаар УИХ-д өргөн барьсан” гэж мэдэгдсэн юм.
Арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрсэнгүй. Харин Г.Оюунгэрэл худал цуурхал дэгдээсэндээ бантсан уу, Энэтхэг рүү явсан сурагтай. Цуурхалд итгэж, гэр бараа, лаа, шүдэнз цуглуулан хотоос гарсан иргэд “шатсан” мөнгөө Г.Оюунгэрэлээс нэхэх тухай ч ярьж байна. Уг нь Эрүүгийн хуульд цуурхал дэгдээгчдэд тооцох хариуцлагын заалт байсан юм билээ. Тиймдээ ч Х.Чойбалсанг нас барахад оросууд хорлосон гэж ярьсан хоёр хүнд хариуцлага тооцсон баримт байдаг юм.
Г.АРИВЖИХ