Шинэ жил хаяанд ирж, албан байгууллагууд баяраа тэмдэглэж байгаа энэ үед цагдаагийн байгууллагаас иргэдээ зөв боловсон, соёлтой баярлаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал анхаарууллаа. Энэ баярыг байгууллагууд согтууруулах ундааг үй тэмдэглэх нь ховор. Согтууруулах ундааг зохистой хэрэглэж, архи хэтрүүлж биеэ авч явах чадваргүй болсон хүндээ анхаарал халамж тавих хэрэгтэйг энэ үеэр тэрбээр анхааруулсан. Өнгөрсөн жил нэгэн байгууллага согтууруулах ундаа хэтрүүлсэн хүндээ халамж тавилгүй орхисноос гоёлын даашинзтайгаа осгож нас барсан харамсалтай тохиолдол гарсан юм. Мөн баяр ёслолын үеэр хүнсний аюулгүй байдалдаа анхаарч, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэхийг санууллаа. Хэдэн жилийн өмнө Багануур дүүрэгт “Азийн чоно” компанид үйлдвэрлэсэн архи хэрэглэсэн 15 хүн метилийн спиртэд хордож нас барсан хэрэг гарсан. Мөн олон хүн хоолны хордлогод орж байсан билээ. Түүнээс гадна перотехникийн хэрэгсэл буюу салюттай болгоомжтой харьцаж, зөвшөөрөлтэй газраас чанартай бүтээгдэхүүн авч хэрэглэхийг санууллаа. Өмнөх жилүүдэд салютаас болж хүм үүс гар хөлөө гэмтээж байснаас гадна ОХУ-д хоёр жилийн өмнө 100 гаруй хүн түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.