“Брэндийн бараа” нэрээр хар тамхи зөөж, худалддаг байсан Б.Наранбаатар нарын залуусыг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгасан юм. Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд дээрх хүмүүс “брэндийн хувцас” нэрээр нуусан хар тамхи тээж явжээ.
Уг хэрэгт холбогдуулж 30 орчим хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 188, 192 дугаар зүйлд заасан хар тамхи, мансууруулах бодисыг хил дамжуулан удаа дараа хууль бусаар тээвэрлэн борлуулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.
Уг хэргийг шүүх хурал энэ сарын 19-нд Баянзүрх дүүргийн шүүхэд болох байсан ч олон холбогдогчийн өмгөөлөгч нар бүрэн цуглаж амжаагүйгээс ирэх сарын 10-ныг хүртэл хойшлууллаа.
Г.РАВЖАА