Хөвсгөл аймгийн Монголбанкны салбарын нярав эмэгтэй банкнаасаа 160 гаруй сая төгрөг завшсан хэргийг одоогоос хоёр жилийн өмнө хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн шалгасан юм.
Тус банкны нярав П.Жавзансүрэн 2003-2005 онд 500 төгрөгийн зоосон мөнгийг бэлтгэл санд оруулахдаа 100 төгрөгийн зоосон мөнгөөр сольсон, 2009 оны дөрөвдүгээр сараас 2010 оны гуравдугаар сарын хооронд 14 удаагийн үйлдлээр арилжааны банкны салбаруудаас ирсэн хуучирч, элэгдсэн дэвсгэртүүдийг багцалж боохдоо 20 мянгат, 10 мянгат, таван мянгатын дэвсгэртүүдийг 1000, 500 төгрөгийн дэвсгэртээр сольж, 165 сая төгрөг завшсан хэрэгт холбогдсон юм.
Шүүх уг хэргийг хэлэлцээд 57 настай П.Жавзансүрэнд таван жил нэг сарын хугацаагаар хорих ял оноож, 500 мянган төгрөгийн эд хөрөнгийг нь хураахаар болжээ. Мөн 165 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Монголбанкинд олгохоор шийдсэн байна.
Г.ОРЧЛОН