Монгол Улс шударга ёс, хууль дээдлэх, ард чиллын замд эргэлт буцалтгүй орсон. Аливаа хэрэг маргааныг шударга шүүхээр шийдвэрлүүлэх, хүний эрхийг дээдлэх зарчим баримталж, шүүхийг нэгэн засаглал болгон авч үзсээр ирэв. Шүүхээр хэрэг маргаан шийдвэрлүүлэхэд хугацаа алддаг, зардал чирэгдэл ихтэй хэмээх шүүмжлэл иргэдийн дунд байсаар байна. Шүүхийг шударга ажиллуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчилдэг, ил тод болгохын тулд Ерөнхийлөгчөөсөө эхлээд шүүхийн бүх шат хүртэл энэ засаглалын шинэтгэлийн талаар ярьж, улмаар хуулийг нь шинэчилж байгаа. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн санаачилгаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль баталж, өнгөрсөн жилээс зарим шүүхэд хэрэгжүүлж байсан туршлагыг нэвтрүүлэхээр болсон.
Харин иргэд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны ач холбогдол, үр дүнг төдийлэн сайн ухаарахгүй байгаа аж. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхээс эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах шат дараалсан арга хэмжээ авч буй. Энэ хууль амьдралд хэрэгжсэнээр иргэд, хуулийн этгээдийн хооронд түгээмэл байгуулагддаг зээл, худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл, бусдад гэм хор учруулснаас үүссэн маргаан, ажлаас үндэслэлгүй халагдсан, гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэвэр тогтоох зэрэг хэрэг, маргааныг шүүхийн журмаар бус эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх боломжийг бий болгосон юм.
ЗУУЧЛАЛ ХЭН ХЭНИЙГ НЬ ГОМДООХГҮЙ, ЦАГ ХУГАЦАА, ХӨРӨНГӨ ХЭМНЭНЭ
Эвлэрүүлэн зуучилна гэдэг нь зуучлагчийн тусламжтайгаар аливаа хэрэг, маргааны хариуцагч болон нэхэмжлэл гаргагч талууд бодит нөхцөл байдалд тохирсон шийдэлд хүрэхийн тулд харилцан ярилцаж, түүний үр дүнд сэтгэл ханамжтай үлдэж, санал нэгдсэнээр маргааныг шийдвэрлэх ажил юм. Ихэнхдээ иргэний хэрэг буюу гэр бүлийн маргаан, хөрөнгийн маргаан, зээлийн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гомдлыг хялбаршуулсан журмаар эвлэрүүлэн зуучлагчийн тусламж тайгаар шийдвэрлэдэг. Хэдийгээр манай улсад шинэ тутам нэвтэрч байгаа ч шүүхийн ачааллыг бууруулах, иргэд шүүхээр хэрэг маргаанаа түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд тодорхой ахиц гарч байгаа юм. Тухайлбал, Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг манай шүүхийн парктикт 2011 оны тавдугаар сараас туршилтын журмаар нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн, орон нутагт Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхэд нэвтрүүлж эхэлсэн. Баянзүрх дүүргийн шүүх ачаалал ихтэй шүүхийн нэг.
Эвлэрүүлэн зуучлах төсөл хэрэгжсэнээр шүүхээр шийдвэрлэж буй иргэний хэргийн тоо харьцангуй буурчээ. Баянзүрх дүүргийн шүүхээр анхан шатны журмаар хэлэлцэж буй иргэний хэрэг 2012 онд өнгөрсөн оныхоос 1.5 хувиар буурсан үзүүлэлттэй гараад байна. 2011 онд ч 2010 оныхоос тодорхой хэмжээгээр буурсан гэхээр шүүгч нарт ногдож буй ажлын ачаалал ч багасаж буй гэж хэлж болно. Нэг талаасаа шүүхийн ачааллыг ингэж багасгаж буй бол нөгөө талаасаа иргэдэд ч цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломж бүрдлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэг иргэний хэргийг шийдвэрлэхийн тулд өргөдөл гаргасан талын гомдлыг хүлээн аваад иргэний хэрэг үүсгэх эсэх асуудлыг долоо хоногийн хугацаанд хянадаг.
Иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэдэг. Энэ хугацаанд нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, зохигчдын эрх үүргийг тайлбарлаж өгөх, нот лох баримт цуглуулах, тэдний гаргасан хүсэл бүрийг шүүх хянан үзэж, хангах эсэхийг шийдвэрлэж, мэтгэлцэх боломжоор хангах зэргээр хуульд заасан олон шат дамжлагтай ажиллагааг хуульд заасны дагуу явуулдаг. Шаардлагатай тохиолдолд хуульд заасан хугацааг 30 хоногоор сунгаж болдог байна. Ингээд шүүхээр 3-4 сарын дараа хэрэг шийдвэрлэгдэхээр хэн нэг нь ялж, нөгөө нь ялагдаж дуусдаг. Аль нэг тал нь сэтгэл ханамж гүй үлдвэл давж заалдах болон хяналтын шатанд гомдол гарга саар маш их хугацаа алддагийг шүүхээр зарга мэдүүлсэн иргэд сайн мэднэ. Харин эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа хэн хэнийг нь гомдоохгүй, эвлэрүүлээд нэг шийдэлд хүрч, аль аль тал нь гомдолгүй өнгөрөх сайн талтай. Жишээ нь, Баянзүрх дүүргийн шүү хэд хадгаламж зээлийн нэгэн хоршооны эзэн зээлийн өрөнд орж, улмаар найзаасаа их хэмжээний мөнгө зээлджээ. Гэвч мөнгөө хугацаандаа буцааж өгч чадаагүйгээс зээл олгосон найз нь шүүхэд гомдол гаргаж. Үүнийг эвлэрүүлэн зуучлалын замаар нэг сар хүрэхгүй хугацаанд шийдэж, зээл авсан залуу хугацаандаа төлбөрөө төлөхөөр болж, олгосон найз нь гомдлоо татаж авчээ. Ингээд хэн хэн нь хохиролгүй, бие биедээ өс хонзон саналгүй хэрэг хаагдсан байна.
Эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан иргэний хэрэг шийдвэрл үүлэхэд олон шат дамжлагагүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ч багагүй хэмнэж буй.Ингэснээр шүүхийн нэр хүндэд ч нөлөөлнө. Шүүхээр хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж гэж үнийн дүнгээс хамаарч мөнгө төлдөг. Харин эвлэрүүлэн зуучлалаар хэргээ шийдвэрлүүлж буй тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжид авдаг төлбөрийн 40 хувийг л улсад тушаах юм байна. Харин үнэ тодорхойгүй эрх зүйн маргаанд улсад 10 мянган төгрөг л тушаасан байхад хангалттай.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ НУУЦЫГ ЧАНД ХАДГАЛАХ ҮҮРЭГТЭЙ
Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлб өрийн дагуу УИХ-аас шүүхийн багц хууль баталсны дотор Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль багтаж байгаа. Дэлхийн улс орнуудад иргэний болон гэр бүлийн эрх зүйн хэрэг, маргааныг шийд вэрлэдэг үндсэн хоёр хэлбэр байдгийн нэг нь дээр дурдсан эвлэр үүлэн зуучлах үйл явц. Шүү хийн бус аргаар, гуравдагч этгээдийн туслалцаатайгаар талуудыг эвлэр үү лэн зуучлах журмаар шийдвэрлэх хэлбэр нь манай орон төдийгүй дэлхийн ихэнх оронд шинэ тутам хөгжиж байгаа. Эвлэ рүүлэн зуучлалын хуулиар эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, улмаар тухайн ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар заасан байдаг. Тухайн хуулиар иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн ганцаарчилсан, түүнчлэн гэр бүлийн маргааныг шүүхийн бус аргаар, эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх юм гэж ойлгож болно. Энэ хуулийн ач холбогдол нь хөрөнгө мөнгө, цаг хугацааны хэмнэхээс гадна эвлэрүүлэн зуучлах журмаар байгуулсан эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэх боломжтойд оршдог. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийг шүүхийн журмаар шийдвэрлэхэд талуудын хэн нэг нь сэтгэл дундуур үлддэг бол талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр харилцан буулт хийж, асуудлыг аль болох эвийн журмаар, өөрсдийн сэтгэлд хүрсэн маягаар шийдэх боломжтой байдаг. Өөр нэг зүйл бол эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны нууцыг буюу талуудын хувийн болон албаны нууцыг тэдний зөвшөөрөлгүй бусдад задруулахгүй, нууцыг чанд хадгалах үүрэгтэй. Шүүхээр шийдвэрлэсэн иргэний болон эрүүгийн хэргийн шийдвэр олон нийтэд ил тод болдог шүү дээ.
ЗУУЧЛАГЧ ЯМАР Ч МЭРГЭЖИЛТЭЙ БАЙЖ БОЛНО
Эвлэрүүлэн зуучлагч нь ямар ч мэргэжилтэй хүн байж болох аж. Гэхдээ өнөөдөр манай улсад ихэнхдээ өмгөөлөгчид энэ ажлыг хийж байна. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд ямар ч мэргэжлийн дээд боловсролтой, эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан, тухайн чиглэлийн асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн мэргэшсэн хэн ч байж болно гэж заажээ. Тэгэхээр багш, эмч, инженер, сэтгүүлч гээд хэн ч хийж болох юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг анхан шатны шүүхэд байдаг эвлэрүүлэн зуучлах төв хэрэгжүүлэх юм. Түүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагын дэргэд уг ажиллагааг явуулах боломжийг хуулиар олгосон. Тэгэхээр тухайн салбараар мэргэшсэн хэн ч ажиллаж болох нь. Японд хэдэн жилийн өмнө Фүкүшимагийн АЦС-д дэлбэрэлт болж хүмүүс хордож, гэмтсэн асуудлыг өнөөдөр тус улс эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлүүлж байна. Эвлэрүүлэн зуучлах албаныхан нь төрийн бус байгууллагын дэргэд ажилладаг гэнэ. Харин АНУ-д мөн л төрийн бус байгууллагын дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах төвийнхөн залилангийн хэргийн хохирогчдын мөнгийг гаргуулж өгсөн туршлага ч байна.
Г.ЦОЛМОН