Дархан-Уул аймгийн IX сургуулийн гуравдугаар ангийн сурагч хүүг үл таних этгээд барьцаалж, эцэг эхээс нь 100 сая төгрөг нэхэмжилсэн ноцтой хэрэг гарсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Гэмт этгээд уржигдар орой хүүг гэрийнх нь ойролцоо барьж буй барилгын орчимд орхиод “50 тоолоод эргэж харалгүй гүй” хэмээгээд өөрсдөө зугтсан аж.
Цагдаагийнхан ар гэрийнхнийг нь байлцуулан хүүгээс тайлбар авчээ. “Сургуулийнхаа хашаагаар ортол хэн нэгэн хүн араас ирээд малгайгаар нүд таглаад машинд суулгаад авч явсан. Тэгээд нүдийг минь боочихоод орон сууцны нэг айлд оруулж, буйдан дээр суулгасан. Бие засъя гэхэд ариун цэврийн өрөө рүү оруулсан. Надтай хамт нэг л хүн байх шиг байсан” гэж барьцаалагдсан хүү цагдаагийн ажилтнуудад ярьжээ.
Гэмт этгээдийг саатуулсан байж болзошг үй гэх мэдээлэл уржигдар орой бидэнд ирсэн нь ташаа байв. Тус аймгийн хууль хяналтын байгууллагынхантай өчигдөр 17.00 цагийн үед холбогдоход “Одоогоор сэжигтэй этгээдийг олж тогтоогоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Хүүхдийн аав Б-тэй холбогдоход “Бие нь сайн байгаа” гэхээс өөр ямар нэг мэдээлэл өгөхийг хүссэнгүй.
Г.РАВЖАА