Монгол Улсын стратегийн орд Бүрэнхааны фосфоритын ордод лиценз эзэмшигч “Талстмаргад” компанийн лицензийг цуцлуулах эсэх шүүх хурал өчигдөр Захиргааны хэргийн шүүхэд товлогдсон. Гэвч гуравдагч тал буюу “Талстмаргад” компанийн өмгөөлөгч гадаадад байгаа гэх шалтгаанаар 12 дахь удаагаа хойшлогдлоо. “Хөвсгөл далай эзэд” хөдөлгөөн, “Хүний эрх хөгжил төв”-ийнхөн “Талстмаргад” компанийн эзэмшиж буй хайгуулын зургаа, ашиглалтын хоёр лицензийг хууль бус хэмээн үзэж өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэлийн Захиргааны шүүхэд хандсан аж. Гэвч хариуцагч болох АМГ-ынхан “Талстмаргад” компанитай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөлгүй ямар нэг байдлаар хойшлуулсаар ирсэн нь энэхүү маргааныг ийнхүү хоёр жил сунжруулахад хүргэжээ.
Нэхэмжлэгчдийн хэлснээр, “Талстмаргад” компани нь 2009 оноос хойш хайгуулын зардлын доод хэмжээгээ хуулийн хугацаанд баталгаажуулаагүй бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу лиценз цуцлах үндэслэл болж, АМГ-аас 2011 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн цуцлагдах лицензийн жагсаалтад орсон байжээ. Гэтэл АМГ-ынхан “Талстмаргад” компанийн лицензийг цуцлалгүй өнөөдрийг хүрсэн төдийгүй холбогдох баримтыг гаргаж өгдөггүй нь ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хардлагыг төрүүлж эхлээд байна. Тус компанийн эзэмшиж буй хууль бус гэх лицензүүдээс болж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн малчдын уламжлалт ахуй амьдрал, эрх нь зөрчигдсөнийг дээрх төрийн бус байгууллагууд мөн өмгөөлж буй аж.
Д.Оюун