Монгол төрийн бахархалт шувуугаар зарлаад удаагүй байгаа цагаан шонхроор бизнес хийхийг завдсан хоёр залууг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрд өн байцаагч, хошууч Ж.Дугардорж, Л.Лхагвадорж нар энэ сарын 17-нд илрүүлэн шалгаж эхэллээ. Эзэн Чингис хаан хийгээд монголчууд бидний өвөг дээдсийн хэдэн үеэрээ тахин шүтэж байсан шувууг барьсан хүмүүсийн нэг нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт оршин суугч Г.Ганболд, нөгөө нь Ц.Цогт-Очир гэдэг юм байна. Тэд энэ сарын 10-даар шонхруудыг Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан, Баянмөнх сумын нутгаас барьж, “Ланд круйзер- 80” маркийн 90-44 ХЭА улсын дугаартай автомашинаар Улаанбаатарт авчирчээ. Хотод авчирсныхаа дараа Г.Ганболд найз П.Шийлэггалаарай гэх хүн рүү утасдаж, Сонгинохайрхан дүүргийн нутаг, Их Нарангийн гудамжинд байрлах тоосгон байранд нь аваачсан гэнэ.
Сэжигтнүүдийн нэг Г.Ганболд өнгөрсөн намар арабуудад үйлчилж, шонхор барьж өгч байсан гэдгээ цагдаагийнханд тайлбарлаж буй юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд заасан “Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн аж. Хэдийгээр экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг шинжээчид гаргаагүй байгаа ч тогтсон үнэлгээ нь нэг шонхор 16 сая төгрөг байдаг гэнэ. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас өнгөрсөн жил шонхор авлах зөвшөөрөл олгохдоо нэгийг нь 12800 ам.доллараар үнэлж байж. Ямартай ч наймаар үржүүлэхээр дор хаяж 120-130 сая төгрөгийн хохирол экологид учруулахыг завдсан гэсэн үг. Г.Ганболд, Ц.Цогт-Очир нар найман шонхор барьснаас нэг нь үхсэн гэх мэдээлэл байгаа юм.
Харин тэд долоог барьсан гэж хэлж буй гэсэн. Шонхрыг дунджаар 10 мянга хүртэл ам.доллараар худалддаг бөгөөд хамгийн сайн, шилэгдмэл нь хоёр сая ам.долларт ч хүрдэг гэнэ. Дээрх хоёр хүн цагдаагийнханд “Бид шонхрыг хууль зөрчиж барьсандаа гэмшиж байна. Зүгээр л зургийг нь авчихаад буцаагаад тавих гэж байсан” гэж мэдүүлсэн гэнэ. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагынхан “Шонхрыг авлахыг хориглосон хугацаа нь аравдугаар сараас зургадугаар сарын хооронд байдаг. Энэ хугацаанд барьсан нь сэжигтэй” гэсэн юм. Түүгээр зогсохгүй шувуудын өлгий буюу далавчийг нь дулаан байлгах даавуун эдлэл, нүдийг нь халхлах малгайвч арабуудаас авсан байж магадгүй гэж хардаж буй юм билээ. Шонхруудыг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан уржигдар байгальд нь тавьсан бөгөөд далавч, нүдээ боолгож удаан байснаас болсон уу, нисэж чадахгүй нэг хэсэг хугацаанд цасан дээр сууж байгаад хөөрчээ.
Г.РАВЖАА