Дархан-Уул аймагт ерөнхий боловсролын нэгэн сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай хүүг барьцаалсан хэрэг өнгөрсөн даваа гаригт гарлаа. Хэн, ямар зорилгоор бага насны хүүхдийг барьцаалсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч “100 сая төгрөг авчирч өгөхгүй бол хүүхдэд чинь муу юм болно” хэмээн аав Б-ынх нь утас руу залгасан аж. Хүү хичээлдээ явахаар өнгөрсөн даваа гаригийн 12.00 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд 15.00 цагийн үед ангийн багш нь аав, ээж рүү нь “Хүү чинь хичээлдээ ирсэнгүй, яасан юм бол” гэж ярьсан аж. Түүнээс хойш нэг их удалгүй дугаараа нууцалсан утаснаас эрэгтэй хүн ярьсан байна. Уржигдар орой барьцаалагч этгээд хэд хэдэн удаа ярьсан бол өчигдөр нэг удаа яриад утсаа тасалсан гэнэ.
11.00 цаг. Бид өчигдөр энэ хэргийн талаар тус аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Намсрайжаваас тодруулахад “Хүүхэд барьцаалсан тухай мэдээлэл ирсний дагуу манай ажилтнууд шалгаж байна. Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Уг ноцтой хэргийн мөрөөр цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж буй гэнэ.
15.00 цаг. Ажлын хэсэгт багтсан эх сурвалжаас барьцаалагдсан хүүхэд болон гэмт этгээдийг хайх ажиллагаа ямар шатанд байгаа талаар лавлахад “Ямартай ч хүүхэд амьд байгаа нь мэдэгдсэн. Гэмт этгээд дууг нь сонсгочихоод, нэхэмжилсэн мөнгөө шаардаад, утсаа тасалсан. Та нар цагдаад мэдэгдсэн байна гэж эцэг эхийг нь сүрдүүлсэн байна” гэлээ. Гэмт этгээд ганцаараа биш, ямар ч насны хүн байж магадгүй аж. Өсвөр насныхан дуу, хоолойгоо өөрчлөөд ч ярьж байж болзошгүй гэсэн таамаг байна. Улаанбаатараас ЭЦГ-ын Ажлын хэсэг гарч очихоор болсон ч гэмт этгээдэд сэжиг төрүүлж болзошгүй байсан учраас больсон гэх мэдээлэл ч ирсэн юм.
17.00 цаг. Дархан-Уулын Цагдаагийн газрын ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг сайтар хийж буй ч гэмт этгээдийг тогтоогоогүй байгаа талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Гэхдээ цагдаа нар хоосонгүй. Гэмт этгээдийн дугаараа нууцалж ярьсан 99- өөр эхэлсэн дугаарыг олж, тогтоожээ. Улмаар уг дугаар хэний нэр дээр байдгийг тогтоохоор ажиллаж байв. ДарханУул аймгийн прокурор, гавьяат хуульч И.Дашнямтай холбогдоход “Ямар ч байсан Дарханы хонхроос гэмт этгээд гараагүй байгаа бололтой. Түүний ярьсан утасны дугаараар хэний нэр дээр байдаг утас болохыг тогтоохоор ажиллаж байна. Уг дугаарыг гэрээт борлуулагчийн гар дээрээс авсан болохоор эзэн нь одоогоор тодорхой болоогүй, эрэн сурвалжлах тоот батлуулаад гарлаа” гэв. Хуулийн байгууллагынхан хүүгийн ар гэрийнхэнтэй холбоотой өс хонзонтой, өр авлагатай хүн бий эсэхийг тогтоохыг оролдож байгаа ч тодорхой мэдээлэл өгч чадаагүй аж. Гэхдээ гэмт этгээд хүүгийн ар гэрийг сайтар судалсан байгаа бөгөөд “Цагдаагийнханд мэдэгдсэн байна. Муу л юм болно шүү. 100 сая төгрөг яаралтай олж өг, эс тэгвэл Улаанбаатарт сурдаг охинд чинь ч муу зүйл тохиолдоно” хэмээн дарамталж байна гэсэн.
Хүүгийн аав Б нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг бол, ээж нь ерөнхий боловсролын нэгэн сургуульд багшилдаг гэнэ. Аав нь хэдэн жилийн өмнө арилжаа наймаа хийдэг байснаа больж, мэргэжлийнхээ дагуу төрийн албанд зүтгэж буй нэгэн аж. Цагдаагийнхны дэвшүүлж буй өөр нэг таамаг бол аавынх нь эрхэлдэг ажил, албан тушаалтай холбоотойгоор хүүг нь сүрдүүлэгтээ ашиглаж байж болзошгүй аж.
19.30 цаг. Гэмт этгээдүүд цагдаагийнхан эрэн сурвалжлах ажиллагаа эхэлснийг мэдээд айсан бололтой. Харанхуй болмогц хүүг гэрийнх нь үүдэнд авчирч орхижээ. Тэд явахдаа “Чи үгэнд ордог их сайн хүүхэд байна. 50 тоолоод гэр рүүгээ гүй. Эргэж харах юм бол буцаагаад аваад явна шүү” гэж хэлсэн гэнэ. Барьцаалагдсаныхаа дараа хүүхэд аавтайгаа уржигдар холбогдохдоо “Намайг аваач ээ. Би эгчийнхээ сургуулийн ойр хавьд байгаа юм шиг байна” гэж хэлэнгүүт нь утас тасарсан аж. Үүний дараа хүүхдийг эцэг эх нь, цагдаа нарын хамт ойр хавьд нь хайсан ч олоогүй аж.
21.00 цаг. Гэмт этгээдийг баривчилсан тухай мэдээлэл ирсэн ч Дархан-Уул аймгийн цагдаа, прокурорын байгууллагынхан үүнийг баталсангүй. Хүүхдээ аврахын тулд эцэг эх нь 100 сая төгрөг хүмүүсээс зээлсэн байсан гэдгийг цагдаагийнхан өчигдөр дугаар шилжих мөчид бидэнд мэдээллээ.