“Анод” банкны удирдлага, тэдний хамсаатнуудыг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болох байсан ч ирэх сарын 7-ныг хүртэл хойшлуулах шийдвэр шүүх бүрэлдэхүүн гаргалаа. “Анод” банкны гэх тодотголтой тус банкны ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр, ТУЗийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, Э.Гүр-Аранзын дүү “Стардевелопмент” компанийн захирал Э.Цэрэндаш, мөн түүний дүү “Гүн төгөл” ХХК-ийн захирал Э.Оюунгэрэл, Д.Энхтөрийн дүү “Шивээговь флюрит” компанийн захирал Д.Ганзориг нарын 15 хүнд одоогоос таван жилийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд тэднийг хууль бус хувьцаа гаргаж, иргэдийг хохироосон, харилцагч, хадгаламж эзэмшигч, хувьцаа худалдан авсан иргэдэд 120 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа.
Тэд хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хууль бус үйл ажиллагаа явуулснаас дээрх хэрэг гарсан гэж үзэж буй. Уг хэрэгт дээрх Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байсан бөгөөд Мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хоёр ч хүн 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна. Харин СЗХ-ны дарга Д.Баярсайханд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны үеэр мөн л хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс банкны удирдлагууд, тэдний зээл дамжуулан авсан ах дүү нар нийлсэн 15 хүн яллагдагчаар татагдсан байна.
Баянзүрх дүүргийн шүүхэд өчигдөр болох байсан шүүх хуралд зарим гэрчийг заавал оролцуулах шаардлагатай. Тухайлбал, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Энхцэцэгийг байлцуулах хэрэгтэй гэж яллагдагч болон өмгөөлөгчид нь үзэж, хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан юм. Г.Энхцэцэг уг хэрэгт яллагдагчаар татагдан байцаагдаж байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон нэгэн аж. Мөн иргэний хариуцагч буюу банкны зээлдэгч нарыг оролцуулах хүсэлт ч тавьсан юм.
Г.ЦОЛМОН