Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 11 жилийн 84 дүгээр сургуулийн сурагчдад олгосон зөөврийн нөүт бүүкийн нэг нь өн гөрсөн бямба гаригт дэлбэрч, 5б ангийн сурагч Б.М хүнд гэмтсэн билээ. Одоогийн байдлаар нийслэлийн 24 сургуульд 5000 орчим зөөврийн “Linux XO” компьютер тараагаад байгаа аж. Өнгөрсөн баасан гаригт тус сургуулийн удирдлагууд эцэг, эхтэй нь гэрээ хийж, V, VIII ангийн 600 гаруй сурагчдад зөөврийн нөтбүүк тараасан байна. Дээрх хэргийн талаар тодруулахаар тус сургуулийг зорилоо. 84 дүгээр сургуулийн 5б ангийн багш Д.Хишигмаа мэдээлэл өгөхөөс татгалзсан.
Ангийн 40 хүүхдийн нөүтбүүкийг цэнэглэх залгуур ангид хүрэлцэхгүй тул сурагчдыг гэр гэртээ аваачиж цэнэглээд, даваа гаригт хичээлдээ авчрахыг даалгасан байна. Гэтэл Б.М-ыг гэртээ зөөврийн компьютерээ хоёр цаг гаруй цэнэглээд буцааж хайрцагт нь хийх зуур өнөөх нь дэлбэрсэн тухай тус сургуулийн аж ахуйн эрхлэгч Л.Наранчимэг ярив. Тэрбээр “Сурагчдад дахин аюул учирч болзошгүй учраас бүх нөүтбүүкийг хурааж авсан, нийлүүлсэн компанид нь буцааж өгнө. Нийлүүлэгч компанид “но” байгаа бололтой. Цахилгааны утаснаас болж дэлбэрээгүй гэсэн дүгнэлт гарсан гэсэн. Зай хураагуур нь ихэвчлэн дороо байрладаг. Гэтэл саяын тараасан нөүтбүүкийнх бүгд ард талдаа. Дэлбэрэлт болсон тохиолдолд хүүхдэд шууд нөлөөлөхөөр хийгджээ” гэв. Дэлбэрэлт болсны дараа сургуулийн удирдлагууд хүүгийн гэрт очиход биеийн цээжин хэсэг түлэгдэж, цоохортсон, зүүн нүд нь гэмтсэн байж.
Дунд ангийхнаас нөүтбүүкийн талаар лавлахад “Ажиллуулж үзээгүй байтал хураагаад авчихсан. Тараасан өдрөө хүүхэд бүр ажиллуулж, шалгах үед анги бүрээс 5-10 нь ажиллахгүй байсан гэж сонссон” гэлээ. Зөөврийн компьютерийг ямар компани нийлүүлсэн болохыг лавлатал тус сургуулийнхнаас мэдэх хүн олдоогүй. Дийлэнх нь “Бага ангийн хичээлийн эрхлэгч Ц.Нямсүрэн мэдэж байгаа, түүнтэй уулз” гэсний дагуу очиход өрөөндөө байсангүй. Харин аж ахуйн эрхлэгч Л.Наранчимэг түүнийг “Эмнэлгээр яваа. Ээж, хүү хоёрын гадаад паспортыг яаралтай гаргах хэрэгтэй болсон гэж сонссон. Хүүг Монголд эмчлэх боломжгүй тул цаад компани нь гадаад руу авч явж эмчлүүлэх гэж байгаа сурагтай. Тэгээд л бичиг баримтыг нь хөөцөлдөөд явж байгаа” гэв. Тус сургуулийн багшаас түүний утсыг авч, лавлах гэсэн боловч утсаа авсангүй.
Няравын өрөөнд байгаа нөүтбүүкийг үзвэл, гаднах хайрцаг дээр Боловсрол, шинжлэх ухааны яам, нөүтбүүкийн нэр болох “Genius Student” болон Made in PRC гэсэн бичгээс өөр зүйл байсангүй. Хаанаас хэн нийлүүлснийг нь тодруулахаар БШУЯ-ныхан руу утас цохитол “Манайх үүнд хамаагүй. Сангийн яамныхан төлбөр мөнгийг хариуцаж, тендер шалгаруулсан” гэв. Үүний дагуу Сангийн яамны холбогдох хүмүүсээс лавлатал “Засгийн газраас бүх төлбөр мөнгийг нь шийдсэнээс өөр зүйлгүй, БШУЯ тендерийг гардан зохион байгуулж, энэ ажлыг гүйцэтгэсэн” гэв. Эргээд БШУЯ руу холбогдож, учир байдлыг хэлсний эцэст бие бие рүүгээ ээлжлэн бухсан тэд сая ам нээв. Энэ ажлыг зохион байгуулсан хүн нь тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн н.Алтай аж. Тэрбээр гадаадад ажлаар яваа, одоогоор эзгүй байгаа гэнэ. Тухайн үедээ гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел”, “Майкрософт” компанийн консорциум оролцсон бөгөөд БНХАУ-ын “ZTE” ялсан юм байна
Гэхдээ ялагдсан компанийхан тус яаманд гомдол гаргасан учир тендерийг дахин зарласан бололтой. Тэдний хэлж буйгаар бол, сургуулиудад компьютер нийлүүлсэн гүйцэтгэгч нь “Aplasink” гэх Монголын компани аж. Эднийх Налайх болон Баянзүрх дүүргийн 24 сургуульд дээрх компьютерийг нийлүүлсэн байна. Тус компанийн ажилтан Алтанцэцэг гэдэг хүний утсыг өгсөн боловч утсаа “мессеж роуминг” үйлчилгээнд холбосон байсан. Яаманд н.Алтайгаас өөр энэ асуудлыг мэдэх хүн үгүй бололтой. “Гадаадаас ирснийх нь дараа л бүх мэдээллээ аваарай” гэсэн юм. “Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2015 он гэхэд бага, дунд ангийн 120 мянга гаруй сурагч зөөврийн компьютерээр хангагдаж, мэдээллийн технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэх аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцаас харахад сөрөг тал цөөнгүй ажиглагдаж байгаа гэнэ. Улсын төсөвт тодорхой дарамт учруулдаг (Төсөвт буцааж орлого оруулдагг үй бөгөөд жил бүр 800 сая төгрөг зарцуулдаг), гадаадын үйлдвэрлэгчийг дэмжин, тэдний бүтээгдэхүүнийг худалдан авах буюу дотоодын мөнгийг гадагшаа урсгадаг, хөтөлбөрөөр олгож байгаа ХО компьютер Линукс үйлдлийн системтэй нь бодит амьдрал дээр бараг 100 хувь хэрэглэж байгаа “Майкрософт” компанийн үйлдлийн системийн талаар мэдлэг олгогддоггүй, Олон улсын компьютерийн боловсролын гэрчилгээний (ICDL) шаардлагад нийцээгүй, бусад хүн худалдан авах боломж багатай аж. Шинээр авах бол захиалга хийхээс эхлээд хугацаа их шаарддаг. Мөн техникийн засвар үйлчилгээг төвлөрсөн байдлаар зөвхөн Улаанбаатар хотод хийх боломжтой. Сэлбэг хэрэгсэл нь ч олдоцгүй (зөвхөн ганц үйлдвэрлэгчээс хамааралтай) аж.
О.БАТ-УНДРАХ