Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уур хайд хайгуул, олборлолт хийдэг “МоЭнКо” ХХК өнгөрсөн зургадугаар сард “Тэтгэлэгтэй, хариуцлагатай оюутан” гэсэн тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Уг хөтөлбөрт Ховд аймгийн ерөнхий боловсролын 20 гаруй сургуулийн 150 хүүхэд оролцож, эхний шатанд 60 хүүхэд тэнцсэн байна. Хоёрдугаар шатанд дээрх хүүхдүүдийг ярилцлагад оруулснаас 20 сурагч тэнцэн, батламж авчээ. Хүүхдүүдийг шалгаруулахдаа бага, дунд орлоготой өрхийн, сайн сурлагатай, цаашид суралцах хүсэл эрмэлзлэлтэй, нийгмийн идэвх сайтай зэргийг харгалзсан аж. Сургалтын төлбөр есдүгээр сард сургуулийн дансанд орох ёстой байсан ч өгөөгүй байна. Оюутнууд сургалтын төлбөрөө төлөөгүйн улмаас шалгалтад орж чадахгүй, хичээлдээ суух боломжгүй болоод байгаа гэнэ.
ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Х.Баасанжаргал “Биднийг анх очиход тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн нь “Манайх стратегийн орд газар болох гэж байгаа, түр хүлээ” гэсэн. Уг нь стратегийн орд газар болох, эсэх нь тэтгэлэг олгохтой хамаагүй л баймаар. Бид сургалтын төлбөрөө төлөөгүйгээс сургуулиасаа хөөгдөх дээрээ тулсан. МУБИС-д сурч байсан нэг охин нутаг буцсан. Бид удахгүй сургуулиасаа хөөгдөж, Ховд явах болж байх шиг байна. Одоо уулзахаар очиход тус компанийнхан шалтаг хэлээд зугтаад байдаг болсон. Иймээс бид “МоЭнКо” ХХК байрладаг Сүхбаатар дүүргийн шүүхэд хандах гэж байгаа” гэв.