Монгол Улсын иргэн Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээллийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын албан ёсны цахим хуудаснаас саяхан авчээ. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн тус байгууллагад илгээсэн цахим захидлаас үүдэж ийм алхам хийсэн байж болзошгүй гэж иргэд үзэж байгаа юм.
Харин дэд сайд Э.Эрдэнэжамъян “Интерпол улс төрийн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг эрэн сурвалжлах ёсгүй. Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоосон талаар мэдээлэл надад ирээгүй” гэж өгүүллээ. Харин дээрх асуудлаар ЦЕГ-ын харьяанд байдаг Интерполын Монголын үндэсний товчоо хэмээх эрх мэдэлгүй байгууллагад хандсан боловч ямар нэг хариулт авч чадсангүй. НПГ-ын орлогч Е.Сагсайгаас энэ талаар лавлахад “Прокурорын байгууллагаас тэдний эрэн сурвалжлалтыг зогсоох ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэсэн юм.
Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Энэ асуудлаар жичдээ мэдээлэл өгнө” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Өөр нэг эх сурвалж “Интерпол Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах ажиллагааг албан ёсоор зогсоогоогүй, харин Хууль зүйн дэд сайдын захидалтай холбоотойгоор эрэн сурвалжлах хүсэлт тавьсан байгууллагаас албан ёсны хариу очтол тэдний мэдээллийг цахим хуудаснаас түр хугацаагаар авсан юм билээ” гэв. Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой хууль бус хувьчлалын хэргүүдэд холбогдуулан эрэн сурвалжилж буй билээ.
Дашрамд дурдахад, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт холбогдоод байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр удахгүй прокурорт шилжүүлэхээр болж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр, хэрэгт нотлох баримт болгож хавсаргах баримт холбогдох байгууллагаас ирвэл Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг шалгах ажиллагаа үндсэндээ дуусаж буй аж.