Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Одгэрэл, тус төвийн Хүүхдийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их эмч С.Очир нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэж тэднийг гэм буруутайг тогтоожээ. Тэд хуучнаар ЭНЭШТ-ийн Сэхээн амьдруулах тасагт 2009 оны тавдугаар сарын 6-нд уушгины хатгалгаа оноштой ирсэн иргэн О-гийн дөрвөн сартай Н гэх охинд тав хоногийн дараа уян зүү тавих мэс ажилбар хийхдээ алдаа гаргаснаас гуурс уушгийг нь хатгаж гэмтээжээ.
Эмч нар албан үүрэгтээ хайнга хандаж, мэс ажилбарын дараа бяцхан охиныг хяналтгүй орхисноос цээжний хөндийд хий хуралдаж, биед нь хүнд гэмтэл учирсан байна. Дээрх эмч нар охины уушгийг хатгаснаас хойш найман цагийн дараа үзлэг хийхэд мэс ажилбарын хүндрэл гарсан байж. Тэд хүндрэлийг эрт оношлоогүй, өвчтөнийг хяналтгүй орхиж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелээгүй аж.
ЭХЭМҮТ-ийн эмч нар хүүхдийн судас нь олдохгүй байна гээд венийн судсаар нь эмчилгээ хийхэд амар байдаг гэж ээжийг нь ятгаж, уян зүү тавьсан гэнэ. Бяцхан охин тавдугаар сарын 11-ний 23.00 цагийн үед бие нь муудаж, хавагнаж байхад ээлжийн сувилагч нь тайвшруулах тариа хийгээд орхисон аж. Хүүхдийн биеийн байдал дээрдэхгүй байсан учраас С.Очир ирж үзлэг хийхдээ, охины ээж О-г “Чи дуугүй цаашаа бай” гээд хөөж байжээ.
Хүүхдийн бие илт муудахад эмч С.Очир “Танай хүүхэд найдваргүй боллоо, уушги нь хатгагдсан байна, ар гэрийнхнээ дууд” гэж хэлсэн гэнэ. Охины ээж О шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “Би охиноо аврахын тулд Орхон , Баянхонгор зэрэг аймаг, БНХАУ руу эмчилгээнд авч явсан. Бээжин явах гэтэл ЭХЭМҮТ- өөс өвчний түүхийг нь өгөхгүй, эмч нар нь “англи хэл мэдэхгүй” гэх зэргээр цааргалж, хүүхдийн зүрх 1.30 цаг зогссон гэдгийг өөрчилж, 30 минут гээд бичсэн” гэж мэдүүлжээ. Баянгол дүүргийн шүүх уг хэргийг анхан шатны журмаар хэлэлцээд Б.Одгэрэл, С.Очир нарыг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөнд хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, тэдний эмчлэх эрхийг гурван жилээр цуцалж, хоёр жил хорих ял шийтгэсэн байна.
Улмаар 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, хорих ялыг нь хэлтрүүлжээ. Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн эмч ажилтнуудын ажлын арга барил, өвчтөнг дур мэдэн эмнэлэг хооронд шилжүүлдэг, эмнэлгийн зүгээс эмчилгээ, сувилгаатай холбоотой багаж хэрэгслээр хангаагүй зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзээд тус эмнэлгээс 17.7 сая төгрөг гаргуулж, хохирогч охины ар гэрт олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Г.РАВЖАА